Засгийн газраас энэ сарын 11-нд өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэв.
Нийслэл хот 2022 оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг дангаар үйлдвэрлэж байна.
Хотын төсвийн 90.1 хувийг татварын орлогоор, 9.9 хувийг татварын бус орлогоор бүрдүүлж байна.
Төсөв дагасан уг санхүүгийн схемийг шинэчлэн, олон улсын жишиг хотуудын эдийн засгийн хөгжилтэй ижил түвшинд хүрэх нэг чухал алхам бол хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, томоохон төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх механизм.
Нийслэл олон улсын зах зээлд үнэт цаас гаргах боломжийг бүрдүүлэх зорилгоор Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ.
Мөн нийслэлийн үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргах эрх зүйн орчныг бий болгосноор урт хугацаатай, зардал багатай өрийн хэрэгслийг зах зээлд гаргах, үр дүнд нь төсөвт ирэх ачааллыг бууруулж, нийслэл хөгжлийн болон томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэх, цаашлаад Монгол Улсын валютын нөөц бүрдүүлэлт, төгрөгийн ханшийн чангаралт, гадаадын хөрөнгө оруулалтад эерэг нөлөөтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зориулалтаар гаргах нийслэлийн гадаад үнэт цааст зориулж энэ оны төсвийн жилд Засгийн газрын өрийн баталгаа гаргана.
Нийслэл нь олон улсын зах зээлд үнэт цаас гаргах боломжтой болсонтой холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна.
Төсөлд нийслэл нь Засгийн газар, төрийн өмчит компанийн нэгэн адил дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээлд үнэт цаас гаргах, арилжаалах, олон улсын зах зээл, банк, санхүүгийн байгууллагаас арилжааны нөхцөлтэй зээл авахтай холбоотой үйлчилгээ худалдан авах харилцаанд тус хууль хамаарахгүй байхаар нэмж тусгажээ.
Мөн Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зориулалтаар гаргах нийслэлийн гадаад үнэт цааст зориулж энэ оны төсвийн жилд Засгийн газрын өрийн баталгаа гаргана. Иймд Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээг 3.8 их наяд төгрөгөөр баталсан. Баталсан төсвийн хүрээнд энэ асуудлыг хэлэлцэнэ. Өрийн удирдлагын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангаж байгаа” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Бид хотын төв талбайгаас хойш 1.7 км-ын зайд байгаа Сэлбэ дэд төв буюу ус, дулаан, цэвэр бохирын асуудлыг бүгдийг шийдсэн, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь батлагдсан, 160 га талбайд төлөвлөлт хийлгээд ажлын зураг боловсруулах тендер зарласан. Энэ хүрээнд ойролцоогоор 12 мянган айлын орон сууц барина.
Үүнийг барьж чадвал 32-ын тойрог хүртэлх тав, зургаан буудал, Дэнжийн мянга орчмын 12 мянган айлын газрыг шууд орон сууцаар своп хийх нөхцөлөөр нүүлгэн шилжүүлэх хуулийг баталсан. Ингэснээр 701 орчим га газрын газар чөлөөлөлтийн ажлыг 2025, 2026 онуудад хийнэ. Ингэж чадвал нийт гэр хорооллын дөрөвний нэгийг төлөвлөлтийн дагуу орон сууц барих боломжтойгоор газар чөлөөлнө" гэв.
Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.