Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын байгууллагын 50 гаруй албан хаагчид холбогдох хэргийг АТГ-ынхан дахин шалгаж дуусжээ.
Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд болон Нэгдсэн эмнэлгийн эмч нар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох, сунгах явцдаа 500 гаруй удаа хахууль авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хуурамч материал бүрдүүлэн бусдад давуу байдал олгосон нь тогтоогдсон аж. Эл хэрэгт холбогдуулан Нэгдсэн эмнэлгийн эмч нар болох Ө.Ахмарал, М.Рауза, Х.Аманбек, Х.Харманхан, Б.Ханат, Х.Манчук, Б.Жанбота, Х.Гүлсин, А.Рая, Б.Анаргүл, С.Сымбат, А.Мажитхан, М.Союз, Х.Харий, Х.Тангул, К.Халел, Т.Серикжан, М.Ахбота, А.Еркегүл зэрэг 25, сумуудын Эрүүл мэндийн төвийн 22 эмч, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен тэргүүтэй Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын есөн гишүүнийг холбогдуулан шалгаж дууссан гэнэ.
Тэднийг 2015-2020 он хүртэлх хугацаанд хуурамч бичиг баримт үйлдэн хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст олгодог тэтгэврийг эрүүл иргэдэд олгож байсан хэрэгт буруутгасан билээ. Тухайлбал, хэвийн ярьдаг, сонсгол нь ч зүгээр хүнийг хэлгүй, дүлий болгож групп тогтоон нийгмийн даатгалын болон халамжийн сангаас мөнгийг нь өөр хүний нэрээр авч завшдаг байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн талаар бид 2020 онд мэдээлсэн. Эл хэрэгт Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан, Хүний гавьяат эмч, УИХ-ын гишүүн Б.Бейсенг яллагдагчаар татаад буй билээ.
Уг нь Ховд аймаг дахь Прокурорын газраас Баян-Өлгийн дээрх албан тушаалтан 51 хүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл заасан хахууль авсан, 2015 оны мөн хуулийн 22 дугаар бүлэг дэх албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, 18.6 дахь хэсгийн мөнгө угаасан, 21.5-ын хохирогч, гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн 2022 онд шүүхэд шилжүүлээд байсан юм. Гэвч Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны дөрөвдүгээр сард прокурорын хяналтад буцаах шийдвэр гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх уг тогтоолыг хэвээр нь үлдээж, хяналтын шатны шүүх түүнийг нь хэлэлцэхгүй гэж дүгнэснээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дахин шилжүүлэхээр болсон байна. Улмаар АТГ-ынхан 2023 оны хоёрдугаар сараас хойш нэмэлт мөрдөн байцаалт явуулж, өнгөрсөн сарын сүүлчээр прокурорын хяналтад дахин хүргүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.