Ардчилсан Үндсэн хууль батлагдсан түүхт 32 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан "Үндсэн хуулийн шинэ 30 жил эхэлж, шинэ улс төрийг бий болгох үүргээ ийнхүү гүйцэтгэж эхэллээ" хэмээн энэхүү түүхт өдрийн мэндийг дэвшүүлжээ.
Тэрбээр "Бид шинэ Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, хүмүүнлэг, иргэний, ардчилсан улс болохоо зарлан тунхагласан билээ.
Үндсэн хууль урт настай байх нь улс оронд тогтвортой байдлыг бий болгодог. Харин цаг үеэ олсон өөрчлөлт нь Үндсэн хуулийн үйлчлэлийг уртасгадаг. Улсын хөгжил, нийгмийн харилцааны түвшин, иргэн хүний амьдралын чанарын эх суурийг Үндсэн хууль тавьдаг учир өөрчлөгдөж, хөгжиж буй нийгмийн хэрэгцээг цаг тухай бүрд хангаж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх хэрэгцээ бодитой үүсдэг. Бидний хувьд шинэ улс төрийг төлөвшүүлж, бодлогоор өрсөлддөг, шийдлээ уралдуулдах шаардлага бий болсон.
Иймээс Засгийн газраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьж, өнгөрсөн оны 5-р сарын 31-нд батлагдаад байна. Ийнхүү УИХ-ын гишүүний тоо 126 болж, УИХ-ын сонгууль холимог тогтолцоотой болов.
Энэ бол эрх мэдлийн хэт их төвлөрлийг бууруулж, нийгмийн олон талын дуу хоолой парламентад ажиллах боломжийг бий болгох тоо, тогтолцооны өөрчлөлт юм. Ингэснээр тойргийн явцуу эрх ашигт хөтлөгдөх бус, бодлогоор өрсөлддөг, шийдэл ярьдаг, мэтгэлцдэг, зөвшилцлийн улс төр бий болох учиртай.
Үндсэн хуулийн шинэ 30 жил эхэлж, шинэ улс төрийг бий болгох үүргээ ийнхүү гүйцэтгэж эхэллээ. Ардчилал, нийгмийн дуу хоолой улам хүчтэй болж, парламентын засаглал улам бэхжих өдрүүд айсуй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.