УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулав.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг хойшлуулшгүй баривчлах үндэслэлүүдийг нарийвчлан тусгасан. Практикт баривчлах үндэслэлийг харилцан адилгүй хэрэглэж байгааг нэг мөр зохицуулах хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилж болох 3 үндэслэлийг тусгасан.
Тодруулбал, гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан, гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан, хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн бол шууд баривчилна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг дээр заасан 3 үндэслэлээс гадна хэн болох нь тогтоогдоогүй, Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй, эсхүл Монгол Улсад байнга оршин суудаггүй гэсэн 3 үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол шүүхийн шийдвэргүй баривчилж болохоор өөрчлөх нь зүйтэй хэмээн үзжээ.
Мөн сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаанд прокурор хяналт тавих, мөрдөгчийн тогтоолыг батлах, шүүхэд даруй хүргүүлэх, эсхүл тогтоолыг үндэслэлгүй гэж үзвэл батлахаас татгалзах тухай шийдвэр гаргах, шүүх уг асуудлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан өөрчлөлтийг оруулсан.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сэжигтнийг баривчлах тохиолдолд прокурорын саналыг гэмт хэрэг гарсан газрын харьяалах шүүх, сэжигтнийг шүүхийн шийдвэргүй баривчилсан тохиолдолд саналыг тухайн баривчлах ажиллагаа явагдсан газрын харьяалах шүүх, хэрэв баривчлагдсан сэжигтнийг 24 цагийн дотор уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд хүргэх боломжгүй бол баривчлах ажиллагаа явагдсан газрын шүүх хянан шийдвэрлэнэ.
Ийнхүү сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих саналыг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг нарийвчлан тогтоосноор сэжигтэн, яллагдагчийн шүүхэд хандах эрхийг хамгийн богино хугацаанд, шуурхай хангах боломж бүрдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаашид хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ.
Мөрдөгч яллагдагчийг үргэлжлүүлэн цагдан хорих тухай саналаа хугацаа дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө прокурорт хүргүүлэх, прокурор цагдан хорих хугацааг сунгах тухай саналаа даруй шүүхэд хүргүүлэх, шүүх прокурорын саналыг хугацаа дуусахаас 4-өөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж, цагдан хорих хугацааг сунгах, эсхүл сунгахыг татгалзах тухай шийдвэр гаргах зохицуулалтыг тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Ингэснээр прокуророос яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналаа хугацаа дуусах өдөр, цагийг тулгаж шүүхэд ирүүлснээс болж шүүхийн практикт хэлэлцүүлгийг товлон зарлах, бусад оролцогчийг дуудан ирүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг явдлыг хязгаарлах ач холбогдолтой.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Баривчлах хугацааг тоолох” 31.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт сэжигтнийг мөрдөн шалгах байгууллагад хүргэх, зайлшгүй эмнэлгийн туслалцаа үзүүлэх, эрүүлжүүлэх, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзахад зарцуулсан хугацааг энэ хуулийн 31.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болохгүй” хугацаанд оруулан тооцохгүй байхаар нэмж тусгасан байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.