УИХ-ын чуулганы хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан, гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Төмөр замын тээврийн тухай хуульд өөрчлөлт ороод агентлаг нь хойшилж байгаа юм байна. Агентлаг байгуулагдаад явах юм бол эдийн засагт хэр их өсөлт өгөх вэ?
Ковидын үеийн тээвэрлэлттэй холбоотой их дуулиан сонсогддог байсан. Удахгүй УИХ-аар ярих байлгүй. Хэн нь хаана юу хийгээд явсныг харах байх. Бөмбөлөг гэж сонсогддог. Төмөр замд ажиллаж байсан залуугийн гэрээс 9 тэрбум төгрөг бэлнээр гарч ирж байдаг. Энэ завхарсан авлигын сүлжээтэй холбоотой асуудал хууль хэрэгжсэн бол арилах байсан уу. Төсөв дээрээ орж ирээгүй гээд хойшилсноор хэр хэмжээний боломжийг алдав.
Хоёрдугаарт, Дарханы төмөр замчид асуугаад байгаа юм. Машинч, туслах машинчдын хөдөлмөрлөх нөхцөлд хөдөлмөр аюулгүй байдлын үнэлгээ хийлгээд хортой нөхцөл болгох асуудал хаана явна вэ? Шөнө оройгүй ажилладаг хэрнээ хортой нөхцөлд хөдөлмөр нь ордоггүй. Хортой нөхцөлд ордоггүй учраас эрт тэтгэвэрт гарч чаддаггүй. Дундаж наслалт нь маш хэцүү юм билээ? ХНХЯ-ны зөвлөл дээр энэ асуудал яригдаж байгаа юм билээ.
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:
-Тээврийн салбарт өнгөрсөн 2023 онд маш өндөр өсөлттэй ажилласан. Манай зам тээврийн салбар 73 хувийн өсөлт гаргасан. 2022 онд 60 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол 2023 онд 106 сая тонн ачаа тээвэрлэсэн.
Авто замаар 2022 онд 30 гаруй сая тонн ачаа тээвэрлэж байсан бол 2023 онд 65 сая тонн, төмөр замаар 2021 онд 31 сая тонн, 2022 онд 32 сая тонн, 2023 онд 35 сая тонн ачаа тээвэрлэсэн байгаа. Энэ хэмжээгээр энэ салбарт ажиллагсдын орлого нэмэгдсэн. Их өрнөөсөө салсан, дүрмийн сангаа нэмэгдүүлсэн.
С.Батдөл нар шиг авлига авдаг асуудал гараагүй, цаашдаа ч гарахгүй. Манай салбар бүрэн цахимжсан, 2023 онд бүтээмжийг дээшлүүлэх жил болгон ажилласан.
Дарханы төмөр замчдын асуудлыг ярилаа. Хөдөлмөрлөх нөхцлийн асуудал бол нийт төмөр замчдын асуудал юм. Хүнд хортой, онцгой нөхцөлд ажилладаг стратегийн салбар. Төмөр замчдын хөдөлмөрийг хүнд хортой нөхцөлд хамруулахаар ажиллаж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр асуудал явж байна.
Түүнчлэн Төмөр замчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн, 13 дахь сарын цалинг 200 хувиар нэмэгдүүлсэн. 2023 онд 70 тэрбумын ашигтай ажилласан. Их өрнөөсөө салсан, дүрмийн сангаа нэмэгдүүлсэн. Ийм байдлаар үйл ажиллагаа нь сайжирч байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.