2007 онд байгуулагдсан "МоЭнКо" ХХК нь Ховд аймаг дахь Хөшөөтийн чулуун нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшин, үйл ажиллагаа явуулж байна.
Үйл ажиллагаа явуулж эхлэхдээ цахилгаан станц, коксжих нүүрсний үйлдвэр барьж байгуулна гэж амласан боловч, энэхүү амлалтандаа хүрэхгүй байгаа учир гэрээг нь цуцалж, Монгол Улсын Засгийн газраас стратегийн ордод аван, 34 хувийг нь иргэдэд эзэмшүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдрийн УИХ-ын чуулган дээр илэрхийлэв.
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:
-Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн 100 хувь эзэмшдэг "Мон-Энко" компани Хөшөөтийн ордыг хариуцан ажиллуулж байна. Хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгож байхдаа ихээхэн зүйлийг амласан. Дулааны цахилгаан станц барина, коксжих нүүрсний үйлдвэр барина, монголчуудыг дэмжинэ гэсэн. Эндээс ганц хэрэгжиж байгаа нь монгол компаниуд ханган нийлүүлж байна, тээврийг нь ховдчууд хийж байна. Нөгөө цахилгаан станц барих асуудал байхгүй болсон. Баруун аймгийнхан Орос, Хятадаас өндөр үнэтэй цахилгаан авсаар байна. Коксын үйлдвэр байхгүй. Ийм байдлаар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.
Иймд Хөшөөтийн уурхайг стратегийн ордод авмаар байна. 34 хувийг нь Монгол Улсын Засгийн газар эзэмшье. Үндсэн хуулинд заасан эрхийг нь эдлүүлмээр байна.
Тус уурхайг төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж, нөөцийг нь тогтоож байсан. Гэтэл гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай компани хариуцаад явж байна шүү дээ. Энд нүүрсний хулгай байна уу, үгүй юу гэдэг дээр хууль, хяналтын байгууллага ажилламаар байна.
Орон нутаг мэддэг биш, олон нийт, төр мэддэг болъё. Иймд би цаашид Хөшөөтийн уурхайг стратегийн ордод авах болон нүүрсний хулгай байгаа эсэхийг хууль, хяналтын байгууллага шалгах ёстой гэдгийг байнга сануулах болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Санал нэг байна. Монгол хүн баялагтаа эзэн байх ёстой. Ер нь энэ хариуцлаггүй уул уурхайг болиулж, хөдөө аж ахуйн бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй бна даа
Зөв . Дэмжиж байна. Аймагтаа ч гэсэн ашигтай шүү.