СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-01-11

🔴LIVE: С.Буяндэлгэр: Ардчилсан нам Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцээгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. АН-ын дэд дарга С.Буяндэлгэр, Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар АН-ын дэд дарга С.Буяндэлгэр байр сууриа илэрхийллээ.

АН-ын дэд дарга С.Буяндэлгэр:

-АН-ын дарга Л.Гантөмөр Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Тэгэхээр АН гадаадын хөрөнгө оруулалтыг татаж авчраад Монгол Улсын хөгжилд үр ашигтайгаар хэрэгжүүлж, иргэдийн амьдралд бодитой дэмжлэг үзүүлж чаддаг нам. Сүүлийн үед сошиалаар төөрөгдүүлсэн мэдээлэл яваад байна. АН гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байгаа мэт ташаа мэдээлэл цацагдлаа. Та бүхэн мэдэж байгаа, сүүлийн найман жилд МАН 65, 62 суудалтайгаар төрийн эрхийг барьж байгаа. Хууль хэлэлцэхэд 39 гишүүн шаардлагатай. МАН ирцээ бүрдүүлж хэлэлцэж чадахгүй, АН-ыг гүтгэх нь увайгүй үйлдэл юм.

Ч.Хүрэлбаатар сайд өмнө нь огт байгаагүй зүйлийг шинээр зохиогоод батлуулах гээд гүйгээд байгаа юм шиг яриад байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 1993 онд анх батлаад, 2013 онд өөрчлөлт орж байсан хууль. Нэгдүгээрт, энэ хуульд байсан зохицуулалтыг сайжруулахгүй юм бол өөрчлөөд хэрэггүй л гэж байгаа юм.

Хоёрдугаарт, гадаадын шууд хөрөнгө оруулалт нь эдийн засагт, хувийн хэвшилд ус агаар мэт хэрэгтэй. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагч нарыг дэмжих хуулийн зохицуулалтыг өөрчлөх гээд сэглээд хаячихаж болохгүй. Тухайлбал, АНУ, Япон, БНХАУ-аас иргэд хөрөнгө оруулагч татахаар болбол, гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд энэ хуулийг л хамгийн түрүүнд судална.

Гадаадын хөрөнгө оруулагч нарын зүгээс “Танай энэ хууль бидний эрх ашгийг хангаж чадахгүй байна. Эрх зүйн хамгаалалтыг зохицуулж чадахгүй байна” гэвэл та юу гэж хариулах вэ?

Ирэх 2024 онд дэлхийн дахинд, олон оронд улс төрийн сонгууль болно. АН 2024 онд төрийн эрхийг аваад Засгийн газраа байгуулсан нөхцөлд ч гадаадын хөрөнгө оруулагч нар энэ хуулийг л хүлээнэ.

Хөрөнгө оруулалтын хуулиа хэрхэх бол, авлигаа хэр бууруулах бол, хувийн хэвшлээ дэмжих болов уу, гадаадын хөрөнгө оруулагч нарыг хэрхэн дэмжих вэ гэж харна. АН засгийн эрхийг барьж байхдаа ингэж авлигыг бууруулж байсан. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах орчныг бий болгож буй сайн дохио юм. Түүнээс нэг хууль өөрчлөөд гадаадын хөрөнгө оруулалтыг татахгүй. Тиймээс “нүглийн нүдийг гурилаар хуурсан” ийм өөрчлөлт битгий хийгээч гэж байгаа юм гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.