УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан улс төрчид эсрэг, тэсрэг байр суурь илэрхийлж буй юм.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1.1-т “Газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэсэн заалт тусгасан нь улс төрчдийг талцуулаад байна.
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тус хуулийн төсөлд тусгасан санал дээрээ хатуу байр сууриа хамгаалж буй юм.
Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, хуулийн төслийг дараагийн парламентаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл УИХ-ын дарга Г.Заншаншатар дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын дарга Г.Заншаншатар:
-УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хөрөнгө оруулж буй түншдээ, хөрөнгийг шингээж буй монголчууддаа ч ээлтэй хууль батлахын тулд олон нийтийн санал бодлыг сонсож, зөрчилтэй асуудлыг нэг мөр цэгцэлж, хэлэлцүүлэг өрнүүлж, сайн ярилцсаны үндсэн дээр хуулийн төслийг батална.
Одоо хэлэлцэж буй хуулийн төслийг D-Parliament-д долдугаар сард байршуулсан. Иргэдээс цөөн санал ирсэн байна. Тиймээс дахин идэвхжүүлэхийг холбогдох Байнгын хороод анхаарч, олон талын саналыг авч, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад санал хураалт явуулна. Хэлэлцүүлгийн шатанд ч сайжруулж, жигдрүүлэх асуудал их байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.