Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд ажлаа хүлээлгэн өгөхөөр мэдэгдсэн. МАН-ын дарга У.Хүрэлсүх гурван долоо хоногийн өмнө намынхаа Удирдах зөвлөлийг хуралдуулж, хотын дарга Су.Батболдыг албан тушаалаас нь чөлөөлөх чиглэлийг НИТХ-д өгсөн. Уг асуудлыг хэлэлцэхээр НИТХ хоёр удаа ээлжит бус хуралдаан зарласан ч завсарлага авах замаар хойшлуулж байсан юм. Улмаар хотын дарга Су.Батболд өнгөрсөн сарын 27-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, албан үүргээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ.
Гэвч холбогдох хуулиараа Нийслэлийн засаг даргыг огцруулах, чөлөөлөх асуудлыг НИТХ эцэслэн шийддэг. Харин Су.Батболд Ерөнхий сайдад хандан хүсэлтээ гаргасан. Тиймээс НИТХ-ын завсарлагын хугацаа дуусангуут Су.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм байна.
Тэгэхээр Нийслэлийн Засаг даргын суудалд хэн суух талаарх яриа МАН дотор хүчтэй өрнөж эхэлжээ. Одоогоор Хотын даргад гурван хүний нэр яригдаж байна. МАН-ын генсек Д.Амарбаясгалан НИТХ-ын дарга С.Амарсайханыг, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар Хотын даргын орлогч байсан Б.Мөнхбаатарыг, УИХ-ын гишүүн Сү.Батболд “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал О.Одбаярыг зүтгүүлж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлийн хуудаснаа зонхилж байна.
Тодруулбал, өрсөлдөөн С.Амарсайхан, Б.Мөнхбаатар хоёрын дунд явагдаж байгаа юм. Гэхдээ энэ хоёрын маргаанд цэг тавих хүн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх аж. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхтэй хэн ойр байна, тэр хүн Хотын дарга болно гэсэн үг. Магадлалын хувьд Д.Сумъяабазар дийлж Б.Мөнхбаатарыг Хотын даргаар томилох болов уу гэсэн таамгийг ажиглагчид хэлж байна.
НИТХ-ЫН ДАРГА С.АМАРСАЙХАН
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн дунд яригдаж буйгаар, тэд дотроосоо Нийслэлийн засаг даргыг томилох ёстой гэсэн байр суурин дээр байгаа аж. НИТХ дотроосоо Нийслэлийн засаг даргыг томилно гэвэл хамгийн өндөр магадлалтай хүн нь С.Амарсайхан. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хотын даргын асуудлаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг дуудаж уулзсан гэх мэдээлэл явж буй юм.
“ОЮУТОЛГОЙ” –Н ТУЗ-ИЙН ГИШҮҮН Б.МӨНХБААТАР
Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар зүгээс “Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Мөнхбаатарыг хотын даргаар томилуулахаар лоббидож яваа гэх мэдээлэл бий. Б.Мөнхбаатарын хувьд өнгөрсөн онд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Өмнө нь БЗД-ийн Засаг дарга, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын албан тушаал хашиж байсан нэгэн юм.