СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Химийн аюултай бодис ашиглаж байсан “Хангайн Ган-Эрдэнэ” ХХК-д яллах дүгнэлт үйлдэв

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 сарын өмнө

Налайх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг, төмөр боловсруулах, арматур үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хангайн Ган-Эрдэнэ” ХХК удаан хугацаанд химийн хорт болон аюултай бодис зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж байсан хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тус компани 2020 оноос хойш 2023 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд аммонийн персульфат, этаноламин, этанол, калийн гидроксид, азотын хүчил гэсэн таван төрлийн химийн хорт болон аюултай бодисыг ашиглаж, хадгалж байсан аж. Үүнийгээ үйлдвэрлэж буй арматурынхаа чанарыг шалгах зорилгоор хэрэглэдэг гэж холбогдох байгууллагад тайлбарласан гэнэ. Гэвч тухайн компаниас авсан арматур чанаргүй байсан хэмээн зарим хэрэглэгч өнгөрсөн зун олон нийтийн сүлжээнд бичсэн байв.

Уг нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-ын 448-д аммонийн персульфат, 881-т этаноламин, 854-т этанол, 506-д калийн гидроксид, 114-т азотын хүчлийг багтаасан байдаг. “Хангайн Ган-Эрдэнэ” ХХК-д прокуророос Эрүүгийн хуулийн 24.3-3 дахь хэсгийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Ташрамд дурдахад, прокурорын байгууллага энэ сарын 2-5-ны хооронд эрүүгийн 136 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор дээрх компанид холбогдох үйлдэл багтсан юм. Үүнээс гадна хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 59, өмчлөх эрхийн эсрэг 52, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг найм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан зургаа, хүний амьд явах эрхийн эсрэг дөрөв, авлига, албан тушаалын гурван хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.