СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-01-06

🔴 Шатар сонирхогчдын УАШТ-ыг Үндсэн хуулийн өдөрт зориулан 12 дахь жилдээ зохион байгуулж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр (2024.01.06) Төрийн ордны "Их Монгол" танхимд эхэллээ.

Тэмцээнийг орон даяар нээлттэй зарлаж, анхан болон хагас шигшээ, шигшээ гэсэн гурван үе шаттай явуулж ирсэн уламжлалтай бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа уг тэмцээнийг анх санаачилж, тухайн үеийн Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж эхэлсэн түүхтэй юм.

Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 4864 тамирчин оролцсоноос шигшээ тоглолтод 145 тамирчин шалгаран үлдэж, өрсөлдөж байна. Тэдний хамгийн ахмад нь Ардын Их Хурлын депутат, 85 настай Д.Найдан, хүний их эмч, 82 настай С.Ёндонцоо, эмэгтэй тамирчдаас 63 настай С.Саран, хамгийн залуу нь 18 настай Б.Цогтбаяр, Г.Ганхүлэг, Н.Очирваань, 19 настай Н.Мөнгөнсарнай, О.Цагаанбаяр нар юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын гавьяат тамирчин, Их мастер Ц.Батчулуун, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний шагналт, Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын мастер, Их мастер Б.Мөнгөнтуул нар тэмцээний нээлтийн хүндэтгэлийн өргийг нүүж, тэмцээнийг эхлүүллээ.

Шигшээ тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ардын Их Хурлын депутат П.Энхсайхан, Д.Найдан, С.Билэгсайхан, Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар болон албаны хүмүүс оролцов. Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2024 оны 01 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.