Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны сонгуультай холбоотой зарим мэдээллийг өнөөдөр өгөв.
СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Д.Бат-Эрдэнэ:
-Улс төрийн намууд 4 сарын 29 гэхэд сонгуульд оролцох эсэхээ илэрхийлнэ. 5 сарын 14-5 сарын 20 хүртэл нэр дэвшигчдээ зарлана. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-наас албан ёсоор эхэлж 6 сарын 26 хүртэл 17 хоног үргэлжилнэ.
Түүнчлэн, шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-нд зогсооно. Харин сонгуульд нэр дэвшигчид ТВ, радиод зургаадугаар сарын 10-ны өдрийг хүртэл нэвтрүүлэг, сурталчилгаагаа цацна. Мөн УИХ-ын гишүүд ажлын тайлангаа зөвхөн хэвлэмэл хэлбэрээр явуулна. Чансаа тогтоох судалгааг түгээхгүй байна.
Сонгуулийн сурталчилгаа эфирийн нийт цагийн 60 минутаас хэтрэхгүй байх ёстой. Түүнчлэн энэ 60 минутад 1-2 нэр дэвшигчийн сурталчилгаа гарах ёсгүй. Нэг нам эвсэл, нэр дэвшигчид ногдох хугацаа 15 минутаас хэтрэхгүй хугацаа ноогдоно. Нэг өдөрт дөрвөн нэр дэвшигчийн контент сурталчилгаа орно. Хугацаагаа шилжүүлэх боломжгүй гэдгийг анхаарах шаардлагатай. Харин радио телевизийн мэдээнд нэг нэр дэвшигч, нам эвслийн мэдээ 5 минут байна. Энэ нь 60 минутын сурталчилгаа гэдгээс тусдаа юм. Тухайн мэдээг маргааш нь давтсан тохиолдолд энэ нь нэр дэвшигчийн мэдээнд орж тооцогдоно гэдгийг анхаарах шаардлагатай.
Сонгуулийн жилд хэвлэл мэдээллийн байгууллага сурталчилгаа мэдээний төлбөрийг нэмэх асуудал гардаг. Иймд энэ асуудлыг хуулиар зохицуулж өгсөн байгаа. Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хийсэн гэрээний дундаж үнээс хэтрэх ёсгүй гэж зааж өгсөн байгаа. Сонгуулийн жил эхлэхэд үнээ нэмж болохгүй гэсэн үг.
Сонгуулийн менежер, шадар туслахын тоог хуульд заасан. Энэ хүмүүст үнэмлэхийг нэг л удаа олгоно.
Инфлүнзерүүдийн хувьд менежер, шадар туслах (хуулиар зөвшөөрсөн 5) болж байж л уриалах сурталчилгаа хийнэ. Уриалбал пэйжийг хаана.
Сурталчилгаа явуулах хуудсаа нэр дэвшигч заавал бүртгүүлнэ. Бүртгүүлээгүй хуудсаар сурталчилгаа явуулахыг хориглоно.
2024 оны сонгуулиар "Хүчингүй саналын хуудас" гэж байхгүй нь. Буруу бөглөвөл машин уншихгүй, дахин заавал бөглүүлнэ. Нөөц саналын хуудсыг их хэмжээгээр байлгана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.