СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХХААХҮЯ, МХЕГ-ынхан Эм Ди Си Пи компанид давуу байдал олгосон уу

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 сарын өмнө

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун тэргүүтэй хүмүүст АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Эмээлтэд өмхийрсөн мах хадгалж байсан Эм Ди Си Пи компанитай холбоотойгоор тэднийг мөрдөн шалгаж буй гэнэ.

Өөрөөр хэлбэл, ХХААХҮЯ болон хуучнаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-ын албан тушаалтнуудыг эрх мэдлээ урвуулан БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан Эм Ди Си Пи ХХК-ийн ажлын байрыг 2022 онд шалгаад, эл компанийнханд давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулсан аж. Албаны хүмүүс “Ц.Болорчулуун зэрэг албан тушаалтныг АТГ-т мөрдөн шалгаж буй нь үнэн. Шалгалт нэлээд удааширч байгаа” гэсэн мэдээлэл өгөв.

Ташрамд дурдахад, Эмээлтэд өмхий мах хадгалж, борлуулахыг завдсан Эм Ди Си Пи ХХК болон БНХАУ-ын иргэн Чен Бин нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, Эм Ди Си Пи ХХК-ийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдахыг завдсан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.12-4 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар 70 сая төгрөгөөр торгох ял оноогоод, компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хассан юм. Харин Чен Бинийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдахыг завдсан, байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэм буруутайд тооцож, 25.4 сая төгрөгөөр торгох ял оноосон. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ховор ургамал болон дулааны аргаар бэлтгэсэн 234 864 кг ямааны махыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.