Зөрчлийн хуулиар Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт орж буй өөрчлөлтийн талаар ХЗДХЯ-наас танилцуулав.
Зөрчлийн хуулиар жолооч мансуурсан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 000 төгрөгөөр торгох, уг үйлдлээ давтан хийсэн тохиолдолд 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг байсан.
Тэгвэл зөрчлийн тухай хуулийн өөрчлөлтөөр жолооч анх удаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж 400 000 төгрөгөөр торгоно. Эсхүл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар өөрчлөлт орсон.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулсан хүн дахин давтан үйлдэл гаргавал эрүүгийн хулиар хариуцлага хүлээлгэхээр хуульд өөрчлөлт орсон байна. Ингэхдээ 1-3 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 2.7 саяас 14 сая хүртэлх төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 6 сараас 3 жилийн хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэнэ.
Хэрэв тээврийн хэрэгсэл жолоодох үедээ хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 5-8 жил хасах ял оногдуулж, 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ял оногдуулна.
Согтуурсан мансуурсан үедээ хүний амь насыг хохироосон, эсхүл 2 ба түүнээс дээш хүний амь насыг хохироосон тохиолдолд жолоодох эрхийг 8-12 жил хасаж, 2-8 жил хорих ял оногдуулна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг шийтгэх хуулийн дээрх өөрчлөлт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн гэдгийг албаныхан онцоллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.