СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-28

Аяллын тэмдэглэл: Гайхамшигт Санъяа арлын “ганган” өдрүүд

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
11 сарын өмнө

Хайкоу хотын олон улсын нисэх онгоцны буудалд буух агшинд, өмнөөс халуун чийглэг агаар төөнөв. Хацар хайрсан -30 хэмээс халуун нар шарсан +20 гаруй хэм рүү “хөрвөнө” гэдэг сонин мэдрэмж шүү.

Live телевизийн хамт олон 10-уулаа, “Софт мастер” мэдээлэл технологийн компанийн зургаан ажилтан, гэр бүлийн дөрвөн найз гээд бидний 20 нөхөд газрын диваажин гэгдэх Хайнан арлаар аялж, алжаалаа тайлахаар яваа нь энэ. Бидний аяллыг “EZ Travel Mongolia” компани хариуцан авч явсан юм. Тус компанийн Хайнан дахь аяллын түнш байгууллага болох “Жидо” олон улсын аялал жуулчлалын компанийн хөтөч Сайшаалт биднийг Хайкоу хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр тосон авлаа. Сайшаалт бол Өвөрмонгол хүн. Тиймээс ч шууд ойлголцож, бидний юу хүсэж, үзэж сонирхохыг ч төвөггүй мэдэх аж.

Онгоцны буудлаас автобусаар 40 минут яваад кофены дэлгүүрээр зочилсон юм. Тус бүс нутагтаа алдартай уг кофены үйлдвэр нь 1961 онд байгуулагджээ. Дэлгүүрийн эзэд биднийг төрөл бүрийн кофегоор дайлав. Манайхан ч кофены зөөлөн, бас амттайг нь гайхан аяллынхаа анхны худалдан авалтыг хийцгээв. Орой нь Хайкоу хотын таван одтой, ресортод буудаллаа. Халуун рашаан, усан бассейнд орж алжаалаа тайлцгаалаа. Өвлийн тэсгим хүйтнийг мартаж, халуун рашаанд хүйтэн шар айраг шимж сууна гэдэг юутай сайхан бэ.

Маргааш нь Шинлуны анагаах ухааны цэцэрлэг хүрээлэнгээр зугааллаа. Тус цэцэрлэгт хүрээлэнг 1960 онд байгуулсан байна. Нийт 14.7 га талбайг эзлэх цэцэрлэгт хүрээлэнд 1900 гаруй эмийн ургамал, олон төрлийн мод, жимс ургадаг байна. Эмийн ургамлын тусламжтайгаар гоо сайхны олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. Шампунь, бие угаагч, нүүр цэвэрлэгч, эфирийн тос, шүдний оо, үнэртэн гээд гоо сайхны олон төрлийн бүтээгдэхүүн гарган авч, S”mpleing нэрээр зах зээлд нийлүүлж иржээ. Энэхүү S”mpleing брэнд нь БНХАУ-даа төдийгүй гадаад зах зээлд ч амжилттай борлуулагддаг байна.

Бидний дараагийн очсон газар бол Сармагчингийн арал. Үзэсгэлэнт Санъяа хотоос 65 км, гурван талаараа далайгаар хүрээлүүлсэн Хятадын цор ганц арал хэлбэрт байгалийн тусгай хамгаалалттай бус нутаг юм. Гэхдээ Сармагчингийн арал дээр шууд оччихгүй. Агаарын дүүжин замаар очих эсвэл усан
онгоцоор аралд хүрэх боломжтой. Бид агаарын дүүчин тээврийг сонголоо. Нэг талдаа 2 км урттай, усан дээгүүр татсан Хятадын хамгийн урт дүүчин тээврээр зорчсоор Сармагчингийн аралд хүрлээ. Арал дээр 2000 орчим сармагчин амьдардаг байна. Анх 1965 онд байгуулагдсан энэ газар дээр сармагчинг өсгөх, хамгаалах, сургах байгалийн нөөц газар болжээ. БНХАУ сармагчинг улсын хоёрдугаар зэргийн хамгаалалтад авсан байна. 

Бид сармагчны цирк, хөгжилтэй үзүүлбэрүүдийг үзэж сонирхлоо. Хөтөч Сайшаалт маань бидэнд сармагчингийн өөдөөс эгцэлж удаан харах, цүнхээ онгойлгож болохгүйг анхааруулав. Учир нь ингэсэн нөхцөлд сармагчин тухайн хүнээс заавал идэх зүйл авч байж салдаг аж. Мань хэдийгээ айлгав уу, эсвэл хөтөч жаахан хэтрүүлчихэв үү.

Бидний дараагийн аялал Нисдэг тэргэнд сууснаар үргэлжиллээ. Нисдэг тэрэг хөлөглөж, үзэсгэлэнт Санъяа хотыг толдож, далайн эрэг дээгүүр нисэх нь нэн таатай. Санъяа хот бол Хайнаны аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлсэн арал нь бөгөөд 700 мянга орчим хүн амтай, 1900км2 газар нутагтай, далайн эргийн хот юм. Бидний 20 аялагч Санъяа хотын таван одтой зочид буудалд гурван хоног амарч, тухалсан юм. Эндхийн таван одтой зочид буудлын үйлчилгээ бол үнэхээр тансаг юм байна лээ. 

АЙДАСТАЙ Ч АДЕРНАЛИН ЯЛГАРУУЛСАН АТЛАНТИС УСАН ПАРК

Бидний аяллын оргил хэсэг бол Атлантис усан парк дээр айдасаа давж, адреналин ялгаруулсан явдал байлаа. 72 км цагийн хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарлаа. 24 метрийн өндөр цамхгийн орой дээр байрлах нэвт харагддаг эхлэлийн цэгийн капсул дотроос чөлөөт уналтаар доош унаж нарийн хоолойгоор урсан буув. Газар цөмөр ч байгаа ч юм шиг, эсвэл өндрөөс шууд үсэрч буй мэт тэр мэдрэмжийг авах нь жинхэнэ айдас бас адерналин ялгаруулна. Эмэгтэйчүүдийн маань зарим нь айсан уу, ямартай ч дээрх хоёр экстрим аяллаас татгалзсан шүү. Томчуудад зориулсан 12 төрлийн экстрим тоглоом бий. Багахан айдастай ч гэсэн экстрим тоглоомуудаар бараг гулгаж дуусгалаа.

Бидний дараагийн аялал дарвуулт завь. Дарвуулт завиар далай дээр гурван цаг орчим хөвөв. Энэ зуураа зарим нөхөд маань далайн гүнд шумбах, усан дээрх тоглоомуудаар наадаж амжлаа.

АЯЛЛЫН ГОЁ “АМТ” НЬ ХӨТӨЛБӨРТӨӨ БАЙДАГ

Хайнанд 11 - 4 сарын хооронд аялавал илүү тохиромжтой аж. Учир нь энэ хугацаанд 20 гаруй хэмийн дулаан байх ба бусад үед 30 - 40 хэмийн халуун байх тул аялахад төдийлөн тохиромжтой биш ажээ.

Ямар ч аяллыг амт оруулдаг зүйл нь хөтөлбөр. Сонирхолтой, гайхан биширмээр, ямар нэгэн экстрим зүйлгүй бол аялал амтгүй. Монголчуудыг 300, 400 км давхиад л ганц уул, ус, түүхийн ач холбогдолтой суурин ч юм уу үзүүлдэг хэмээн гадныхан гомдлох нь бий. Тэгэхээр цаг хугацаа, мөнгөө зарцуулаад явж байгаа гадаадын жуулчдад аяллын хөтөлбөр хамгаас чухал байх нь ойлгомжтой хэрэг.

НЭГДҮГЭЭРТ, “EZ Travel Mongolia” компанийн аяллын хөтөлбөр “амттай” байсныг энд дурдах хэрэгтэй болов уу.  

Сармагчингийн арал, ургамлын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, Атлантис усан паркийн экстрим тоглоомуудаар наадаж, халуун рашаан, усан бассейнд орж алжаалаа тайлж, нисдэг тэрэг, дарвуулт завинд сууж,  далайн эргийн таван одтой зочид буудал, ресортод тухалж, Хайнан арлын үзэсгэлэнт газруудыг нэг дор үзэж сонирхоно гэдэг гоё биш гэж үү. Нөгөөтэйгүүр Хайнан арал нь манго жимс, акулын тос, сувд зэргээрээ алдартай.  Бид сувдны дэлгүүрээр орсон бөгөөд манай залуусын хоёр нь эхнэртээ сувдан зүүлт, бөгж зэргийг авч харагдлаа.

ХОЁРДУГААРТ, хөтөч ажлаа мэддэг төдийгүй сэтгэл гарган үйлчилж байсныг онцлон тэмдэглэх ёстой.

Автобусандаа суун дараагийн очих газар луу хөдлөх бүрд, урьдчилан бидэнд тухайн газрынхаа талаар танилцуулга мэдээлэл өгч явлаа. Аялалдаа ядарсан хөтөч бол тухтай суудалдаа сууж амраад багахан дуг хийж ч болох ч Сайшаалт тэгсэнгүй. Аялагчдад дараагийн маршрутын талаар тогтмол мэдээлэл өгч, газар орон, сонин сайхныг бидэнд хуучилж явлаа. Нөгөөтэйгүүр хөтөч маань бидэнд эсгэлэн жимс идвэл гэдэс өвдөх эрсдэлтэйг сануулж, эрүүл мэнд ч анхаарал хандуулж байлаа.

Хөтөч Сайшаалтаас ажлынх нь талаар сэтгэгдэл сонсоход “Би сүүлийн 10 жил аялал жуулчлалын хөтчөөр ажиллаж байна. Гурван жилийн өмнө “Жидо” олон улсын аялал жуулчлалын компанидаа ажилд орсон. Ажилдаа би дуртай. Олон сайхан хүмүүст адал явдалтай аяллын хөтөч хийх нь сонирхолтой байдаг. Ар Монголчуудыгаа хүлээн авахдаа би баяртай байдаг. Та бүхэн минь үзэсгэлэнт Хайнан, Санъяаны аралын сайхныг ирж үзээрэй” гэв.

Сайшаалт биднийг Хайкоу хотын олон улсын нисэх онгоцны буудал дээрээс үдэн өгч, гараа даллан үлдлээ. Бидний есөн өдрийн аяллыг зохион байгуулсан “EZ Travel Mongolia” компанийн хамт олон болон хөтөч Сайшаалтдаа аялагчдынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье.  

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.