“Миний ээж тэмээчин”, “Өнө мөнх орон”, “Эх орон танаа”, “Амин үргэлжлэл”, "Хун галуу" зэрэг олон сайхан уран бүтээлийг сонсогч түмэндээ хүргэж, дууг нь сонсох дуртай уран бүтээлч болсон Д.Отгонжаргал өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ. Түүнээс баярын сэтгэгдлийг сонслоо.
МУГЖ Д.Отгонжаргал:
-Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэндээ маш их баяртай байна. Уран бүтээл хийхэд минь дэмжиж ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Миний дууг сонсдог, урам өгдөг үзэгч, сонсогчдоо мэхийн ёсолмоор байна. Надад хичээл зааж байсан ЕБС-ийн багш нартаа, СУИС-ийн багш нартаа халуун талархал илэрхийлье.
Мөн хамтран уран бүтээл хийж, дэмжиж ирсэн яруу найрагчид, хөгжмийн зохиолчид, хамтлагийнхандаа, “Ану хатан” кино багийнхандаа баярлалаа. Мэдээж хамт байгаа ээждээ баярлалаа. Тэнгэрт байгаа аав минь охиноо харж байгаа байх.
Д.Отгонжаргалын ээж Т.Жүгдэр:
-Миний охин уран бүтээлээ үнэлүүлж, төрийн дээд шагнал хүртэж байгаад ээжийн хувьд маш их баяртай байна. Төрийн өндөр шагнал хүртсэнд сэтгэл сайхан байна. Охиныхоо дууг сонсох дуртай. Охиныхоо 13 дуутай CD-г нь өдөр бүр сонсдог. Заримдаа дууг нь сонсоод уйлна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.