Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Засгийн газар 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байна. Монгол Улсын бүсчлэн хөгжүүлбэл илүү хурдацтай хөгжих юм байна гэсэн эрдэмтдийн судалгааны дүн гарсан. Монгол Улсын хүний нөөц, хөрөнгө санхүүгийн нөөц нь хязгаарлагдмал тул бүсчлэн хөгжүүлэх нь тохиромжтой гэж үзлээ. Тиймээс Засгийн газраас өнөөдөр ийм шийдвэр гаргаж байна.
Улаанбаатар нийт хүн амын 43 хувь, хөдөө 57 хувь нь амьдардаг. Үйлчилгээний 80 хувь нь Улаанбаатарт явагддаг болчихсон. ДНБ-ий 63 хувь нь Улаанбаатарт, 37 нь орон нутагт бий болдог. Тиймээс зөвхөн нийслэлд хөгжил явагдаад бусад нь хөгжил хоцрогдож байна. Нэг газарт төвлөрснөөс утаа, түгжрэл, агаар, хөрсний бохирдол зэрэг асуудлууд нэмэгдсээр байна.
Өмнө нь олон судалгааны ажлууд хийгдсэн. Нэг хавтгай дээр тавиад үзвэл сонгуулийн бүсчилсэн тойрогтой ижил дүр зураг гарч ирсэн. Баруун аймгаас Баян-Өлгий аймгийг бүсчлээгүй, салгасан. Баян-Өлгийгөөс хүн сонгогдохгүй байх магадлалтай гэдэг үүднээс ийм шийдвэр гарсан. Тэрнээс биш эдийн засгийн хөгжлийн бүсэд баруун 4 аймагтай нэгтгэгдээд явна.
Мөн бүсийн дунд тулгуур төв хэмээн нэг аймгийг онцгойлж үзэх нь буруу юм. Аймаг бүр өөр өөрийн гэсэн нөөц, онцлогтой. Түүнийг нь дагуулж хөгжүүлнэ. Түүнээс биш нэгийг нь сонгож авч Засгийн газар концепц гаргасан, танилцуулсан асуудал байхгүй.
Хамгийн гол нь төсвөөс хөрөнгө оруулалт хийгдэх нь хийгдэнэ. Монгол Улсын хөгжлийн тулгуур нь хувийн хэвшил. Эдийн засгийн хөгжлийн хувьд хөрш орнуудтайгаа хэрхэн харилцах вэ гэдэг зүйл дээрээ анхаарал хандуулж явна. Тухайлбал, эдийн засгийн коридорууд бий. Тэрнээс биш зөвхөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бүсчлэлийг хөгжүүлнэ гэдэг нь өрөөсгөл. Гэхдээ бүс нутагт боомт, эрчим хүчний, автозам, тээвэртэй холбоотой санхүүжилтийг төр гаргана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.