УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар 2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтыг танилцуулав.
УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг:
-Инфляцын түвшинг зорилтот түвшинд хүрсний дараа мөнгөний бодлогыг зөөлрүүлнэ. Энэ хүртэл бизнесийн зээл олголтыг нэмэгдүүлэхэд анхаарна. Ингэхдээ хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлаж, бизнесийн зээлд олгох эх үүсвэрийг бий болгоно. Мөн зудын улмаас махны нийлүүлэлтээс хамаарч үнэ өсөх эрсдэлтэй байна. Иймд мах болон хүнс, гурил үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно. Хүнсний хувьсгалын хүрээнд зээлийн хүүгийн татаасанд 125 тэрбум төгрөг тавигдсан байна.
Уул уурхайн тээвэрлэлтээс шалтгаалж дизель түлшний хэрэглээ огцом нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор хомстол үүсээд байна. Харин нийлүүлэлт буураагүй. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа нь шатахууны нийлүүлэлтийн доголдол үүсээд байна. Эдийн засгийн өсөлтийг авчирч байгаа нүүрсний нийлүүлэлтээ зогсоож болохгүй. ОХУ-аас нийлүүлж байгаа шатахууны хэрэглээ хэвэндээ байгаа.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Монголбанкны бодлогын хүү өнгөрсөн сард 8.6 хувьтай байна. Ирэх жил 6 хувьд хүрнэ гэж төлөвлөж байна. Мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээсэн. Энэ нь инфляцыг зорилтот түвшинд хүргэх зорилттой нийцэж байна.
Инфляц буурч байгаа нь дэлхийн инфляц буурч байгаатай, тээвэр ложистикийн зардал буурсантай холбоотой. Болгоомжилж буй зүйл нь төсөв байна. Ирэх жилийн төсөв энэ жилийнхээс 20 хувь тэлсэн учир хэрэглээ, эрэлт өдөөгдөнө. Тэр утгаараа инфляцын хоёр дахь давлагаа явах вий гэсэн болгоомж байна. Он гараад бидний төсөөллөөр үргэлжилбэл инфляцыг дагаад мөнгөний бодлогын хүү буурах боломжтой.
Ирэх жил хүнсний чиглэлийн хөнгөлөлттэй зээл үргэлжилнэ. Махны ханган нийлүүлэлтийн асуудал үүсвэл төсвийн зээл ийш чиглэнэ. Мөн уул уурхайн бус ЖДҮ эрхлэгч, эмэгтэй бизнес эрхлэгч, ногоон зээлүүдэд чиглэсэн зээл олгоно. Эх үүсвэрүүд нэмэгдээд явж байна. Орж ирж байгаа мөнгөн урсгал, экспорт сайн байгаа нь төлбөрийн тэнцэл, урсгал тэнцэл, валютын нөөцөд эергээр нөлөөлнө.
Экспорт сайн байгаа учраас төлбөрийн тэнцэл, урсгал тэнцэл сайн гарч байгаа. Төлбөрийн тэнцэл 960 сая ам. долларын ашигтай байна. Манай улсын 4 тэрбум 600 сая ам.доллар байна. Манай улсын эдийн засаг 6.9 өсөлттэй гарсан.
Хэрэглээний зээл 30 хувийн өсөлттэй байна. Харин бизнесийн зээл 1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Банк бусын зээл өндөр ч зээл олголт их байна. Зээл гаргаж байгаа нь сайн ч бас эрсдлийг бий болгож байна.
Ипотекийн зээл 2013 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Муу зээлгүй сайн хөтөлбөр гэж үздэг. Харин олон улсын санхүүгийн байгууллагаас төвбанкны бодлогоос өөр гэдэг шүүмжлэлийг дагуулдаг. Шинэ хөдөө бодлогын хүрээнд хөдөө орон нутагт олгох ипотекийн зээлийг 50 хувь болгон нэмэгдүүлэхээр болсон. Ирэх онд 600 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоор төлөвлөж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.