“Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийв.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн жилүүдэд хэдий хэмжээний өр төлбөрийг төлж барагдуулсан талаар товч мэдээлэл өгье.
Манай улсын нийт өр төлбөр 34 тэрбум доллар байна. Үүнээс Монголбанкны өр 2 тэрбум доллар, Засгийн газрын гадаад өр 7.9 тэрбум доллар, арилжааны банкуудын гадаад зээл 1.6 тэрбум доллар, аж ахуй нэгжүүдийн зээл 22.5 тэрбум доллар байна.
Засгийн газрын гадаад өр нь нийт гадаад зээлийн 23 хувийг эзэлж байгаа хэдий ч тухайн улсын нийт гадаад өрийн “мөс зүсэгч” юм. Хэр чанартай, мөнгө босгох боломжийг олгодог гэж хэлж болно. Засгийн газрын гадаад өрийг хоёр хэсэгт хувааж үздэг. Манай улс 1991-2012 оны хооронд хандивлагч донор орнуудаас урт хугацааны нэн хөнгөлттэй зээлийг авч нийгмийн чанартай төслүүдээ санхүүжүүлж ирсэн байдаг. Нийт 326 гаруй удаагийн хөгжлийн зээл авч нийгэм, хөрөнгө оруулалтаа санхүүжүүлж иржээ. Тус зээлүүд нь 10-40 жилийн хугацаатай, жилийн 0-3 хувийн хөвөгч хүүтэй, төсөвт огцом дарамт багатай зээлүүд байжээ.
Харин гадаад бондыг 2012 оноос хойш гаргаж эхэлсэн. Ардчилсан нам, Ардын намын бонд гэж нэрлэгддэгүй. Монгол Улсын Засгийн газрын бонд нэрээр 12 бонд гаргажээ. Засгийн газрын бонд нь өндөр хүүтэй буюу 3-10 хувийн хүүтэй, 3-10 жилийн хугацаатай байдаг. Түүнчлэн төлбөрийг бөөнд нь төлөх хуваарьтай байдаг. 380 сая доллараас 1 тэрбум доллар төлөх ёстой болдог.
Хөгжлийн зээлээс илүүтэй бондын төлбөр нь дефолт үүсгэх эрсдэл үүсгэдэг. Хамгийн улаан гэрэл асдаг хэсэг бол бондын өр төлбөр юм. 2012-2016 он хүртэл нийт таван бонд гаргасан, нийт 3.2 тэрбум ам.долларын өр үүссэн.
2017 оноос хойш эхний төлөлтийн хуваариуд тулгамдсан. Ингээд өрийн зохицуулалт хийх зорилготой бондууд гаргаж эхэлсэн. Ингээд 6 тэрбум долларын өр төлбөрийг барагдууллаа. Үүнээс 2.1 их наяд нь хүүгийн төлбөр байна.
Гадаадын хөрөнгө оруулагчид өдөр бүр энэ бондын өгөөжийг харж суудаг. Үүгээр Монгол Улс гадаад зах зээл дээр хэр нэр хүндтэй, хариуцлагатай байна гэдэг нь илэрхийлэгддэг.
Нэг жилийн өмнө бид маш хүнд байдалд байсан. Гадаад валютын нөөц 2.7 тэрбум ам.доллар дээр ирж буусан. Дефолт болох том эрсдэлийн өмнө ирсэн байсан. Өнөөдөр бид бүрэн дефолтоос гарлаа. Үүний үр дүнд АНУ-ын төв банкны хүү 5.5 байхад, манай Засгийн газрын бондын өгөөж 8 гаруй байна. Өөрөөр хэлбэл хамгийн эрсдэл багатай гэж үнэлэгдэх үе дээрээ ирлээ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 13.3 их наядын гадаад зээлийн өр төлбөрийг барагдууллаа. Үүнээс 2.6 их наяд нь хүүгийн төлбөр төлсөн байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.