СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-12-25

🔴Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийг боомилсон, 12 жилийн өрийн дарамтнаас бүрэн гарлаа

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Хөгжлийн банкны "Самурай" бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулж буйтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандан мэдэгдэл хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-.

Өнгөрсөн 10 дугаар сарын 23-ны өдөр Хөгжлийн банкны евро бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсан. Энэ бол Монгол Улс олон улсын өмнө хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн чухал нотолгоо юм.

Хөгжлийн банкны засаглал мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхийн тулд Засгийн газар энэ долоо хоногийн хуралдаанаар Хөгжлийн банкыг сонгодог Эксим банк болгох эрх зүйн орчныг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн. Манай Засгийн газрын хувьд цар тахал, дайны цаг үед авлигатай тэмцэж, гадаад бондуудын өрийг хугацаанд нь төлж эх орноо дампуурлаас хамгаалах нь энэ цаг хугацааны түүхэн үүрэг байлаа.

Бидэнд гадаад өрийн дампуурлаа хүлээн зөвшөөрч ОУВС-гийн хөтөлбөрт орох эсвэл эрс шийдэмгий хатуу арга хэмжээ авч өөрсдийн эх үүсвэрээ дайчлах уу гэдэг хоёр сонголт өнгөрсөн хугацаанд тулгараад байсан.

Хөгжлийн банк болон "Эрдэнэс Тавантолгой" компанид авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа. “Бидний үр хүүхэд нэг өдөр төлчихнө” гэдэг итгэл үнэмшлээр тооцоо судалгаагүй хандаж, улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж, өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл Монгол Улсад дахин давтагдахгүй ээ.

Энэ өр бол улс орны хөгжлийг боомилсон, өрх бүрийн орлогыг хулгайлсан улс орноо дампуурлын ирмэгт хүргэсэн, 12 жилийн алдагдсан боломж гэдгийг хэзээ ч мартаж болохгүй гашуун сургамж юм.

Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна.

Цар тахлын оргил үед Монгол Улсын эдийн засаг -4.7 хувьтай байлаа. Харин 2023 оны урьдчилсан биелэлтээр эдийн засаг 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наяд болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 5.220 ам.долларт хүрч, анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарч байна.

Жил хагасын өмнө 2.7 тэрбум доллар байсан гадаад валютын албан нөөц нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Бондын энэхүү төлбөрийг хийсэн ч валютын нөөц зорилтот түвшинд хадгалагдаж байна. .

Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтийн үр шим өр дарахад зарцуулагдаж байсан бол өнөөдрөөс эхэлж, өрх иргэн бүхэнд хүрэх суурь нөхцөл эдийн засгийн хувьд бүрдэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.