СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Намуу: Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд тэг зогсолт болсон

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-н хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд замын хөдөлгөөний ачаалал, зохицуулалтад гарч буй өөрчлөлтийн талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын

Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу:

-Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 1-15-ны хооронд замын хөдөлгөөний түгжрэл, ачаалалд цаг агаарын нөхцөл байдал 30 хувиар нөлөөлж байсан бол 2023 оны мөн өдрүүдэд 50 хувь болж өссөн байна. Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 15-31-нд замын хөдөлгөөний ачааллын дундаж үзүүлэлт 90 хувь байсан ба тус хугацаанд долоон өдөр тэг зогсолт болсон. Энэ арванхоёрдугаар сарын эхний хагаст замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн оны мөн үеэс тогтмол 3-4 хувиар ихсэж байсан бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэх тооцоолол гарсан. Эдгээр үзүүлэлтээс харахад энэ онд ч мөн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байсан тул тэгш, сондгойгоор зорчих зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн юм. Түүнчлэн шинэ жил, баяр ёслолын бэлтгэл ажилтай холбоотойгоор нэмэгдэх зорчилт хөдөлгөөн, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо, зам тээврийн ослын тохиолдлыг харгалзан үзсэн.

-Тухайн зохицуулалтыг хийснээс хойш замын хөдөлгөөний ачаалалд ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Дугаарын хязгаарлалтгүй үед буюу арванхоёрдугаар сарын 11-нд уулзваруудад нийт 3816 удаа хөдөлгөөн зохицуулалт хийж байсан. Үүнийг дугаарын хязгаарлалт эхэлсэн өдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөртэй харьцуулбал энэ тоо 2672 болж, 30 хувиар буурсан. Цаашлаад арванхоёрдугаар сарын 19-нд 33 хувь, арванхоёрдугаар сарын 20-нд 28 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

-Захирамжид өөрчлөлт орж, тэгш, сондгойгоор зорчих хуваарийг шинэчилсэн. Уг захирамжид бүх нийтийн амралтын өдөр болох арванхоёрдугаар сарын 29-нд дугаарын хязгаарлалт үйлчлэх боловч нэгдүгээр сарын 1-нд үйлчлэхгүй гэж тусгасан байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нь бүх нийтийн амралтын өдөр ч шинэ жилийн баяр дөхөөд иргэдийн зорчилт хөдөлгөөн, ачаалал их байдаг. Өнгөрсөн оны тухайн өдөр замын хөдөлгөөний ачаалал 99 хувьд хүрч, тэг зогсолт болсон. Харин 2023 оны нэгдүгээр сарын 1-нд ачаалал 73 хувьтай байсан юм. Түүнчлэн тэгш, сондгойгоор зорчих өдрүүдийн тоог тэнцүү байлгах үүднээс дээрх үзүүлэлтэд үндэслэн арванхоёрдугаар сарын 29-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхээр тусгасан. Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.