““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэр баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 41 гишүүний 53.7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор Тавантолгой нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, тус компанийн хувьцааны 20 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 18.4 хувийг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгаа.
Тогтоолын төсөлд 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг шинээр эзэмшүүлснээр нийт хувьцааны 27.6 хувийг Монгол Улсын иргэд эзэмших урьдчилсан тооцоолол байгаа гэлээ. Цаашид нийт хувьцааны 34 хүртэл хувьд багтаан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд оногдох хувьцааг эзэмшүүлж байхаар тусгажээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн оффтейк гэрээний талаар Засгийн газрын БЭТ Ж.Ганбат мэдээлэл өглөө. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотой 27 гэрээ, Богдхан төмөр замтай холбоотой 9 гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэртэй холбоотой 1 гэрээ, газрын тосны үйлдвэрийн дамжуулах хоолойтой холбоотой 1 гэрээ гээд нийт 4 төсөлтэй холбоотой 38 дэд гэрээ байсан байна. Үүнийг шийдвэрлэхээр ажиллаад 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотой 1 гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэртэй холбоотой 1 гэрээ, газрын тосны үйлдвэрийн дамжуулах хоолойтой холбоотой 1 гэрээ л үлдээд байгаа гэх мэдээллийг өгөв. Богдхан төмөр замтай холбоотой гэрээнүүдийг бүрэн зогсоосон байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани дээр онцгой дэглэм тогтоосноос хойш шинээр оффтэйк гэрээ байгуулаагүй болохыг БЭТ Ж.Ганбат хэллээ. Компанийн ашгийн санхүүгийн үзүүлэлтийн тухайд 2022 оны жилийн эцсийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн ашигтай, 2023 оны III улирлын байдлаар 2.7 наяд төгрөгийн ашигтай ажиллаад байгаа аж. Жилийн эцсийн дүн нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэгтгэгдэн, аудитын дүгнэлтийн дараа баталгаажих юм байна. Өр төлбөрийн тухайд 2022 оны 10 дугаар сард 4.3 их наяд төгрөг байсан бол 2023 оны III улирлын байдлаар 3.2 их наяд төгрөг болсон гэдгийг тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр мэдээллээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн урьдчилж олсон 603 сая ам.долларын орлогыг 2023 оны 09 дүгээр сард бүрэн барагдуулжээ. Иймд борлуулж байгаа нүүрсний орлогоо 100 хувь авч байгаа гэв.
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, тайлан нь аудитаар баталгаажин, татварын дараах цэвэр ашгаас ногдол ашиг тараахтай холбоотой шийдвэр гаргах болно.
Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхээс өмнө “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг хувьцаагаа төрд ямар нэг хэлбэрээр худалдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа” гэх мэдээллийг өгөв. Улмаар Үндсэний баялгийн сангаар дамжуулан одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх зохистой хэлбэрийг сонгон, тогтоох шаардлага бий гэлээ. Хувьцааг иргэдэд эзэмшүүлснээр үр ашгийг хүртээх зорилготой гэдгийг ажлын хэсэг тайлбарласан.
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан санал хураалтаар үргэлжиллээ. ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэр баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 41 гишүүний 53.7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.