Шатахууны асуудлаар өнөөдөр УУХҮЯ-наас хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр төмөр замын тээвэрлэлтийн асуудлаар мэдээлэл өгөв.
АМГТГ-ын дарга Л.Баярмандал:
-Манай нефть импортлогч компанийн удирдлагууд, УУХҮЯ, АМГТГ-ын төлөөлөл 2023 оны 12 сарын 16-20-ны өдрүүдэд ОХУ-д ажиллаад ирсэн. Уулзалтаар тохиролцоод хүрсэн гол асуудал бол 2024 оны эхний улиралд сар бүр 140 мянган дизель түлш, 90 мянган тонн АИ92 авто бензин худалдаж авах захиалгаа өгч баталгаажуулсан бөгөөд ОХУ-ын тал үүнийг нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн.
Манай Улсад нийлүүлж буй шатахууны 74 хувийг “Роснефть” компани дангаараа хангадаг. Тус компанийн зүгээс сар тутамд 70 мянган тонн дизелийн түлш, 50 мянган АИ92 авто бензин нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Үүсээд буй асуудлыг шийдвэрлэж, цаашид хүссэн хэмжээгээр, төлөвлөгөөний дагуу шатахуун нийлүүлнэ гэдгээ илэрхийлсэн.
АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр:
-Толгойт, Рашаант, УБТЗ гэсэн гурван салаа төмөр зам дээр агуулахууд шатахуунаа авч байгаа. Урд шөнө 58 вагон АИ92 бензин Сүхбаатар өртөөнд ирсэн. Өдөр 12:45 цагт уг өртөөнөөс наашаа хөдөлсөн, өнөө шөнө 01:00 цагт ирнэ.
Өчигдөр Толгойт өртөөнд 104 вагон, өнөөдөр 100-гаад вагон шатахуун буулгаж байгаа.
Сүүлийн долоо хоногийн хугацаанд 168 вагон буюу 16,000 тонн АИ92 бензин орж ирсэн. Энэ нь найм хоногийн нөөц. 583 вагон буюу 35,000 тонн дизель түлш ирсэн нь 11 хоногийн нөөц юм.
АИ92 бензин олдохгүй, оочерлоод байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал агуулахын нөөц 20 хоногийн хугацаанд дууссан. Одоо орж ирж байгаа шатахууныг нөөц бүрдүүлж чадахгүй тарааж байна.
Хөдөө, орон нутгийн зам дагуух жижиг ШТС-ууд импорт хийдэггүй. Импорт хийдэг ААН-үүдээс АИ92 бензин авдаг. Импортлогч ААН-үүд эдгээр ШТС-д бензин өгөх боломжгүй болсон. Ингээд импортолдоггүй ШТС-ууд бензингүй болчихоор импортоор авдаг компаниудын ШТС-д оочер үүсэж, борлуулалт нь хэвийн үеэсээ хоёр дахин нэмэгдсэн.
Бензиний импорт тасалдсан 20 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод байдаг 248 ШТС-аас 170-д нь бензин зарж, бөөгнөрөл үүссэн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ харин овоо үндэстэй тайлбар байна гэхдээ Сүхбаатар өртөөн дээр их удаж байгаа юм байна даа