Монгол Улс Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформд нэгдэн орох эрмэлзлийн захидалд гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2023-12-21/ Эрүүл мэндийн яаманд боллоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсад амьдарч буй хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр хүртээмжтэй олгох санаачлагыг 2021 оны арванхоёрдугаар сард гаргасан юм.
Тус санаачилгын хүрээнд эхний ээлжинд ДЭМБ-ын зургаан бүс бүрээс нэг, нийт зургаан улсыг сонгон авч, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх ба манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсэд харьяалагдах 37 улс орноос сонгогдсон байна.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:
-ДЭМБ-аас санаачлан хүүхдийн хорт хавдрын зургаан нэр төрлийн 35 ширхэг эмийг үнэ төлбөргүй олгохоор болж байна. Бага буурай болон дунд орлоготой дэлхийн 50 оронд хэрэгжих энэхүү төсөлд Ази, Номхон далайн 37 орноос сонгогдсон зургаан улсын нэг болсондоо баяртай байна.
Монгол Улсад жилд 100-120 хүүхэд хорт хавдартай хэмээн оношлогдож байна. Тархины хорт хавдартай хүүхдүүдийн 50 хувь, цусны хорт хавдартай хүүхдүүдийн 70 хувь нь таваас доош жил амьдарч байгаа нь дэлхийн дунджаас бага байна. Хүүхдүүдийн 30 хувь нь эмийн гаж нөлөөнөөс ч болдог юм уу эмчилгээгээ гүйцэд хийлгэж чадахгүй байна.
Мөн, хорт хавдрын эмүүд өндөр үнэтэй байдаг нь эмчилгээнд сөргөөр нөлөөлдөг. Иймд энэхүү төсөлд хамрагдаж, Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдэд үнэ төлбөргүй эм хандивлаж байгаа ДЭМБ-д талархаж байгаагаа илэрхийлье ээ.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Соккоро Эскаленте:
-Хорт хавдартай хүүхдүүдийн эмийг өгөх нь ДЭМБ-ын хувьд томоохон сорилт болоод байгаа юм. Яагаад гэхээр, хорт хавдрын эмүүд насанд хүрэгчдэд зориулагдан бүтээгддэг учир хүүхдийн нэр төрөл нь хомстолтой байдаг.
Ази, Номхон далайн 37 орноос сонгогдсон зургаан улсын нэг болсон учир нь Монгол Улсын ЭМЯ бэлтгэлээ сайн хангасанд оршиж байна. Энэхүү эм, тариануудыг нэвтрүүлэхэд эмч, сувилагчдын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх гээд олон төрлийн бэлтгэл ажил шаардлагатай байдаг. Бэлтгэл ажлаа сайн хийсэн учир сонгогдсон юм шүү.
Хүүхдийн хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох эмчлэх арга хэмжээг зөвхөн нийслэлд төдийгүй аймгуудад нэвтрүүлнэ гэж найдаж байна. Энэхүү төслийг Монголд нэвтрүүлэхэд хичээнгүйлэн ажилласан Эрүүл мэндийн сайдад талархал илэрхийлье гэв.
Хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн талаар
Дэлхийд жилд хүүхдийн хавдрын 3000 шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүнээс 71.6 хувь нь 0-14 нас, 28.4 хувь нь 15-19 насанд тохиолдож байна. Манай оронд 0-19 насны хүүхдийн дунд жилд 130 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд 2022 онд хүүхдийн хорт хавдрын 143 шинэ өвчлөл бүртгэгдсэний 53,1 хувь нь хөвгүүд, 46,9 хувь нь буюу 67 нь охид байсан.
0-19 насны хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн бүтцэд лейкеми /36,0 хувь/ тэргүүлж байгаа ба тархи мэдрэлийн /18.0 хувь/, яс мөгөөрсний /7,0 хувь/, миелома /6,0 хувь/, элэг /2,0 хувь/, ходжкины бус лимфома /7,0 хувь/ хавдрууд удаалж байна.
Хүүхдийн зургаан төрлийн хорт хавдар дэлхийн улс орнуудад зонхилон тохиолддог бөгөөд манай улсад ч мөн ялгаагүй эдгээр төрлийн хавдар тохиолдож байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүүхдийн хорт хавдрын асуудалд анхаарал хандуулж, хүүхдийн халдварын эрт илрүүлэг, эмчилгээ, оношилгооны чадавхийг сайжруулж, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд “Хүүхдийн хорт хавдрын эсрэг глобал санаачилга”-ыг ДЭМБ-аас 2018 онд санаачлан 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 ба түүнээс дээш хувьд хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар, хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго дэвшүүлсэн. Монгол Улс энэхүү санаачилгад 2021 оноос нэгдэж хүүхдийн хорт хавдрын оношилгоо, эмчилгээний шинэ техник, технологи нэвтрүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах, орчин нөхцөлийг сайжруулах, эмч мэргэжилтнийг бэлтгэхэд бүх талаар анхааран “Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг эрчимжүүлэх 2021-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд компьютер томографийн өндөр хүчин чадалтай аппарат ашиглалтанд оруулж, лабораторийн чадавхийг нэмэгдүүлсэн.
Хүүхдийн хорт хавдрын эмчилгээг төрөөс дааж үнэ төлбөргүй үзүүлж буй юм. Мөн хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний эмнэлзүйн заавруудыг шинэчлэн баталж, хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний үнэлгээг олон улсын аргачлалаар хийсэн зэргийг дурдаж болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.