Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь шат дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн талаар мэдээлэл сонсож байна. Сонсгол Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр замын асуудлаар шинжээчийн дүгнэлт сонссоноор эхэлсэн юм.
Шинжээчийн танилцуулгад " Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь 414.6 км. Геополитикийн хувьд ач холбогдолтой төмөр зам хэмээн Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа эхлүүлжээ.Монгол Улсын Зэвсэгт хүчнээр төмөр замаа бариулбал зардал хямд тусна гэж үзсэн. Гэвч төмөр зам барих ажлын 11.8 хувийг л цэргүүд гүйцэтгэсэн бол үлдсэн 80 хувь дээр хувийн хэвшлүүд орж ажилласан.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьсны дараа Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барихаар тухайн үед төлөвлөж байсан. Энэхүү төмөр зам нь Тавантолгойн орд газрыг Хятадын Мандал боомттой холбоно. Мөн Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам нь УБТЗ ХНН-ийн төв магистрал шугамтай холбогдсоноор Хятадын Эрээн хотын боомтоор Тавантолгойн нүүрсийг экспортод гаргах боломж бүрдэнэ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Тавантолгойн бүлэг ордын уурхайнууд төдийгүй тухайн төмөр зам дайран өнгөрч байгаа бүс нутгийн нийгэм, эдийн засгийн нөхцөлийг сайжруулахад онцгой хувь нэмэр оруулна гэж тусгасан байна.
Уг бүтээн байгуулалт нь ямар нөхцөлд ашигтай ажиллах талаар хугарлыг цэгийг танилцуулъя. 20 жилийн дунджаар тонн.км тутамд 20 центээр тээвэрлэж, жилд 9.19 сая тонн ачаа тээвэрлэж, 24 зүтгүүр, 1,272 ширхэг вагон хэрэгтэй гэх тооцоолол байна.
Хамгийн багадаа 9.19 сая тонн ачаа тээвэрлэж байж балансаа барина. Үүнээс илүү тээхэд ашигтай ажиллан, доош жинг тээвэл алдагдалтай ажиллахаар байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг санхүүжүүлэхээр 20 жилийн хугацаатай, хүүгүй, хаалттай нөхцөлтэй бондыг "Монголын Төмөр Зам" ТӨХК гаргасныг "Эрдэнэс Тавантолгой" ХК худалдан авсан. Төслийн нийт батлагдсан төсөв нь 1 их наяд 392.2 тэрбум төгрөг байна.
2022 оны гүйцэтгэлээр 732,600 тонн ачаа, 2023 оны гүйцэтгэлээ 1.5 сая тонн ачаа тээвэрлэсэн. Дээр танилцуулсан хугарлын цэгээр бол хамгийн багадаа 9.1 сая тонн ачаа тээвэрлэж байж балансаа барих учиртай. 1.5 сая тонн ачаа тээвэрлэснээр хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.