Оскарын хүндэт шагналт, тулааны урлагийн кино од Жэки Чан өөрийн бодит үнэн дүр төрхийг нуулгүй харуулсан шинэ номоо худалдаанд гаргажээ. Амьдралын нугачаанд бүдчиж, алдаа гаргаж байсан үеэ анх удаа Англи хэл дээр буулган шүтэн бишрэгчдэдээ танилцуулсан байна.
“Never Grow Up” буюу хэзээ ч өсж том болохгүй гэсэн утгатай нэрлэсэн ном 2015 онд Хятад хэл дээр гарч байсан бол энэ удаад Англи хэл дээр хэвлэгджээ. Уг номонд Жэки Чан бодит амьдрал дээр хичнээн муу хүн байсан бэ гэдгийг бүрэн дэлгэсэн аж. Тэр бүр хүмүүсийн нүдэнд ил харагдаад байдаггүй далд амьдрал нь түүнийг хэрхэн төлөвшүүлснийг эндээс уншиж болно.
Тулааны кино урлагт орж, алдар нэрд гараад удалгүй биеэ үнэлэгчид дээр очиж, согтууруулах ундаанд донтож байсан үе түүнд бий. Хоёрхон настай нялх үрээ чулуудаж байсан тухайгаа ч хувийн амьдралаа дэлгэрэнгүй бичсэн “Never Grow Up” номдоо дурджээ.
“Оргил цаг” кино үзэгчдийн хүртээл болж амжилтан дунд умбаж байсан 1990-ээд оны үед Чан увайгүй сагсуурагч байсан гэнэ. Нэг удаадаа л 500,000 ам.доллар үрж, хамгийн үнэтэй бугуйн цагнаас 10 ширхгээр худалдаж авдаг байсан үеийг нь ч уг ном сануулдаг аж.
“Оргил цаг 2” бүтээл олны үзэх дуртай кино жагсаалтыг тэргүүлж байх үед согтуугаар жолооны ард сууж Поршегоо эвдчихээд орой нь Мерседес Бенцээ унан зугаа цэнгэлээ үргэлжлүүлдэг байж. “Тиймээ би үнэхээр өөдгүй новш байсан” хэмээн номондоо өгүүлжээ.
Мөн номонд дурдагдсан хоёр настай байхдаа аавдаа шидүүлсэн хүү Жэйсидээ дахин нэг ч удаа гар хүрэлгүй хайрлаж өсгөсөн боловч Чаны хүү 2014 онд мансууруулах бодисны гэмт хэрэгт холбогдож байсан юм. Жэки Чан 1999 онд Тайваний гоо бүсгүй, жүжигчин Жоан Линтэй гэрлэж тэд охинтой болсон ч удалгүй хамтын амьдралаа дуусгасан.
Энэ тухай бичихдээ Чан “Лин надаас ч илүү хүчирхэг эмэгтэй байсан” хэмээн дурджээ. Тэдний охин Этта эцэгтэйгээ холбоогүй байдаг ч өнгөрсөн сард ижил хүйстэн найз бүсгүй Андитайгаа гэрлэлтээ батлуулсан гэдгээ олон нийтэд зарласан юм.
Эх сурвалж: www.cnn.com