Нүүрсний хулгайн хоёрдугаар шатны гурав дахь өдрийн сонсголоор "Тавантолгой түлш" ХХК-ийн худалдан авахтай холбоотой асуудлуудыг хөндөн ярилцсан юм. Тус компани хоёр ажилтандаа 4.8 тэрбум төгрөгийг хувийн данс руу нь шилжүүлж байсан нь тогтоогджээ.
Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Нийт 4.8 тэрбум төгрөгийг хоёр ажилтны данс руу шилжүүлсэн байна. Энэ мөнгийг авсан гэх О.Жавхлан өнөөдрийн сонсголд ирээгүй байна. Ерөнхий нягтлангаас асууя. Яагаад өөрсдийн ажилтнууд руугаа мөнгө шилжүүлээд байсан бэ?
Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч П.Амарцэцэг:
-н.Тулгабат, О.Жавхлан нар тухайн үед хилээр оруулж ирж байгаа барьцалдуулагчийн гаалийн бүрдүүлэлтийг хийдэг байсан. Гаалийн бүрдүүлэлттэй холбоотой мөнгө энэ хоёрын данс руу ордог байсан. Тэгээд дараа нь гаалийнхаа бүрдүүлэлтийн маягтаар тооцоогоо хаадаг байсан. Эд нар бүгд гаальд тушаасан анхан шатны баримтаараа нотлогдож байгаа.
Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Танай компани худалдах худалдан авах гэрээний хүрээнд ААН-ээс барьцалдуулагчаа аваад байгаа. Яагаад тэр компанидаа бус ажилтандаа мөнгө шилжүүлсэн юм бэ? Энэ мөнгийг өөр зориулалтаар ингээд байгаа юм бэ? сэжигтэй асуудал болоод байна. Таны тайлбар тохирохгүй байна. Танайх барьцалдуулагчаа угаасаа гэрээгээр хийдэг.
Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч П.Амарцэцэг:
-2019 онд бол БНХАУ-аас оруулж ирж байсан. Хил дээр "Тавантолгой түлш" ХХК-ийн нэр дээр орж ирэхэд нь тэнд гаалийн бүрдүүлэлт, гаалийн татварыг төлдөг байсан. Манай ажилчид тэнд очоод мөнгөө бэлнээр төлөөд анхан шатны баримтаа бүрдүүлээд явдаг байсан.
Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-Танай барьцалдуулагч авах гэрээ хийчихсэн байхад тэр компани чинь гаалийн бүрдүүлэлтээ хийдэггүй юм уу. Танай ажилтан яагаад тэнд очиж давхар мөнгө шилжүүлээд байгаа мэтээр мөнгө гаргаад байгаа юм? Ийм санхүүгийн схем байдаг юм уу шинжээч ээ. Би сайн мэдэхгүй байна.
Шинжээч:
-Ажил үүргийн чиг үүргийн хуваариар иймэрхүү гүйлгээг тодорхой хэмжээнд хийж болно. Гэхдээ эдгээр хүмүүсийн данс руу шилжүүлсэн мөнгийг цааш нь хөөн шалгахад тодорхой хэмжээний мөнгийг хувийн хэрэглээнд зарцуулсан байсан нь баримтаар нотлогдож байгаа.
Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-За, энэ асуудлыг хуулийн байгууллагад нэмж шалгуулна гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.