УИХ-аас байгуулсан нүүрсний худалдан авалттай холбогдох Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголын эхний сэдэв “Таван толгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаарх мэдээллийг сонсов. Тус компанийн үүсгэн байгуулахад анхны даргаар нь ажиллаж байсан М.Ганбаатар дараах тайлбарыг хийв.
"Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М.Ганбаатар:
-Улаанбаатар нүүрсний утаанд бүрхэгдэж, нийслэл хотыг нүүлгэх үү, үлдээх үү гэдэг яриа гарч байсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед үйлдвэрийг нээж, 7000 ажилтантайгаар сайжруулсан түлш үйлдвэрлэж, 220 мянган өрхөд түгээж ажилласан. 2017 онд энгийн үгээр хэлбэл нэг мкв газар дээр 446 ширхэг тоосонцор буудаг байсан бол "Тавантолгой түлш" ашиглалтад орсноор 2020 оны хэмжилтээр 180 болж буурсан.
Ковидын хүнд хэцүү цаг үед түлшний үнийг 75 хувиар бууруулж, хоёр жилийн турш иргэдийг хямд түлшээр хангаж ажилласан.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Шинжээчдийн гаргасан дүгнэлтийг харахад эдийн засгийн үр өгөөжгүй, санхүүгийн сахилга батгүй явсан байх юм?
"Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М.Ганбаатар:
-Өнгөрсөн 30 жилд 7000 хүнийг ажлын байраар хангасан хэдэн үйлдвэр Монгол Улсад байгуулагдсан билээ. Аливаа үйлдвэрийн үр өгөөж 20-30 жилээр тооцоологддог. Зүүн бүсийн үйлдвэрийн бүтээн байгуулалт 20 хувьтай явж байгаа. Энэхүү төсөл хэрэгжсэнээр шорлогны гэгддэг огт утаагүй нүүрс бий болох болно.
Санхүүгийн асуудал гарсан гэдгээр нь энэ бүтээн байгуулалтыг зогсоож болохгүй. Эдийн засгийн үр ашиг нь чухал уу, утаагүй орчин амьдрах иргэдийн эрх ашиг чухал уу.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-ТУЗ-ийн гишүүд чинь өөрсдийгөө 1.1 тэрбум төгрөгөөр шагнасан байна. Гүйцэтгэх захирлын хувьд үүнийг зогсоож болоогүй юу?
"Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М.Ганбаатар:
-ТУЗ-өөс өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх захирлын хувьд биелүүлдэг байсан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.