УИХ-аас байгуулсан нүүрсний худалдан авалттай холбогдох Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол үргэлжилж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас "Тавантолгой түлш" ХХК-д олгосон санхүүжилтийг Хянан шалгах түр хорооны шинжээч танилцуулав.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор "Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай", Засгийн газрын хуралдааны 2018 оны 18 дугаар тэмдэглэлд "Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай", Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий Тавантолгой Түлш ХХК-ийг үүсгэн байгуулагджээ.
Тус компанийн 51 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчит бодлого зохицуулалтын газар эзэмшдэг. Энэ оны аравдугаар сарын байдлаар 2700 ажилтантай.
"Тавантолгой Түлш" ХХК нь 2023 оны гуравдугаар улирлын байдлаарх санхүүгийн тайлангаар нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгө, 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байна.
Нийт өр төлбөрийн 96 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлжээ. Мөн тус компани нь нийслэлийн гэр хорооллын иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангадаг бөгөөд нэгж түлшийг алдагдалтай өртгөөр борлуулдаг байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК нийт 15 гэрээний үндсэн дээр нэг их наяд төгрөгийн санхүүжилтийг "Тавантолгой Түлш" ХХК-д олгожээ.
"Тавантолгой Түлш" ХХК нь төлөвлөгөөнд тусгаагүй хэт үрэлгэн худалдан авалт хийх, худалдан авсан бараа материалын анхан шатны баримтын бүрдэл дутуу, харилцагчтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэдэггүй зэрэг санхүүгийн зөрчил их байгаа нь компани алдагдалтай ажиллахад голлох нөлөөллийг үзүүлсэн хэмээн дүгнэж байна.
Түүнчлэн 2018-2023 онд ТУЗ-ийн 29 хүнд 1.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ.
Тодруулбал, "Тавантолгой түлш" ХХК алдагдалтай ажиллаж байсан ч ТУЗ-ийн гишүүд их хэмжээний цалин урамшуулал авч байжээ. Үүнээс хэдхэн гишүүдийн авсан цалин, урамшууллыг дурдвал, Ж.Батбаясгалан 2018-2022 онд цалин 38.2 сая, урамшуулал 22.5 сая, бусад 3.3 сая төгрөг нийт 64 сая төгрөг.
“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн асан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Байгаль орчин ногоон хөгжлийн бодлогын зөвлөх асан Ц.Пүрэвхүү 2018-2021 онд цалин 42.2 сая төгрөг, урамшуулал 30 сая, бусад 6 сая төгрөг. Нийтдээ 78 сая төгрөгийг авчээ.
Түүнчлэн, Л.Одхүү 2018-2023 онд 124 сая төгрөг, Л.Гүнбилэг 2018-2021 онд 114 сая төгрөг, Б.Насантогтох 53 сая төгрөг, Ш.Батсайхан 78 сая төгрөг, Б.Анхбаяр 46 сая төгрөг, О.Одбаяр 78 сая төгрөг, С.Зоригт 80 сая төгрөг зэргийг цалин урамшуулал хэлбэрээр авсан байна гэж танилцуулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.