Нийслэлийн төр захиргааны авто баазын улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн 34 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гараагүй байна хэмээн Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын дарга Э.Болор-Эрдэнэ мэдээлэв.
Тодруулбал өнөөдөр /2023.12.18/ өглөө иргэд цахим орчинд "Төрийн мэдлийн автомашинууд тэгш тоогоор төгссөн хэрнээ хотоор давхисаар байна" хэмээн шүүмжилсэн. Энэ дагуу Нийслэлийн автобаазаас дээрх мэдээллийг өгч "Цэнхэр дугаартай машины хувь нийслэлийн автобаазын машин биш" гэх мэдээллийг өглөө.
-Нийслэлийн Төр захиргааны авто баазад хэдэн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг вэ?
-Нийт 79 тээврийн хэрэгсэл өдөр тутмын үйл ажиллагаанд гардаг. Үүнээс 34 нь тэгш, 45 нь сондгой тоогоор төгссөн улсын дугаартай. Нийслэлийн Засаг даргын захирамж гарсантай холбогдуулан үйл ажиллагаандаа тодорхой өөрчлөлт оруулан ажиллаж байна. Өнөөдрийн хувьд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд үйлчилгээнд гараагүй.
-Ямар зохион байгуулалт хийж, үйлчилгээнд хэрхэн гарч байна вэ?
-Цэнхэр дугаартай тээврийн хэрэгсэл зөвхөн албан тушаалтнуудад үйлчилдэг гэсэн ташаа ойлголт олон нийтийн дунд байна. Нийслэлд аж ахуйн ажил их бий. Тиймээс манай байгууллагын тээврийн хэрэгслүүд нийслэлийн харьяа газар, хэлтэс, агентлагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд явж, үйлчилгээнд гардаг. Хууль журмын дагуу гарсан захирамж, шийдвэрийг дагаж мөрдөн ажиллаж байна. Цэнхэр дугаартай хоёр тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалттай өдрөө замын хөдөлгөөнд оролцож буй зураг цахим орчинд гарсан. Тухайн тээврийн хэрэгслүүд нь Нийслэлийн Төр захиргааны авто баазад бүртгэлгүй буюу нийслэлийн авто баазын тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоогүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.