Мөнгөний бодлогын хороо хоёр өдөр хуралдаж, бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав. Тус хороо жилд дөрвөн удаа хуралддаг хуваарьтай байдаг.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд сайжирсан боловч ирэх жил саарах хүлээлттэй байна. Геополитикийн хурцадмал байдал, дэлхийн томоохон төв банкуудын хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр ирэх оны санхүүгийн хатуу хэвээрээ байж эдийн засгийн өсөлт саарах таамаглал гаргасан. Түүнчлэн дэлхийн хоёр том эдийн засгийн нэг болох БНХАУ-ын төсөв талаарх хүлээлтээс муу гарлаа. Энэ нь эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтөд тодорхой бус байдал нэмэгдүүлж байна. Дотоод эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, эхний гурван улирлын байдлаар 6.9 хувийн өсөлттэй гарлаа. Үүнд уул уурхай, тээврийн салбарын сэргэлт гол үүрэг гүйцэтгэсэн. Үнийн өсөлт алгуур буурсаар сүүлийн байдлаар 8.6 хувьтай гарсан. Ийнхүү инфляц 2023 оны зорилтод түвшинд буюу нэг оронтой тоонд орж ирлээ. Монголбанкны ирэх оны зорилтод нийцэхэд ойрхон байна харж байгаа. Гэхдээ төсвийн зардал, цалин тэтгэврийн өсөлт эрэлт талаасаа инфляцын өсөлтийг дэмжихээр байна. Төлбөрийн тэнцэл ашигтай гарсантай холбоотойгоор валютын албан нөөц 4.4 тэрбум ам.доллар болж өслөө. Нөгөө талаар төсвийн зарлагыг дагаад импортын хэрэгцээ нэмэгдэх, дэлхийн зах зээл дээр зарим түүхий эдийн үнэ буурах зэрэг эрсдэл байна гэв.
Мөнгөний бодлогын хүү бол Төв банк арилжааны банкуудад хугацаатай өрийн бичиг үйлдэж өгөөд хугацаа нь дуусмагц төлж буй хүүгийн хэмжээ байдаг. Өөрөөр хэлбэл, төгрөгийн суурь үнэ гэж ойлгож болно.
Тэгвэл бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалж, мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлсэн нь үнийн өсөлтийг хязгаарлах ач холбогдолтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.