СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

З.Энхболд нарын гэм бурууг дэнслэх хурлыг товлож, Т.Аюурсайхан тэргүүтнийг хойшлууллаа

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
11 сарын өмнө

“Нүүрсний” гэх дуулианы хүрээнд мөрдөн шалгасан хэд хэдэн хэргийг өчигдөр шүүх хэлэлцэхээр товлоод байв. Тухайлбал, УИХ-ын дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал байсан Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүний гэм буруутай, эсэхийг хэлэлцэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх товлосон юм.

Гэвч шүүгдэгч Б.Ганхуяг “Зарим өмгөөлөгчтэйгөө ойлголцохгүй байгаа учраас солихоор болсон” хэмээн шинээр Ж.Гантулгыг өмгөөлөгчөөр авснаа танилцуулж, өчигдрийн хуралд оролцуулсан. Мөн УИХ-аас зохион байгуулж буй “нүүрсний” гэх хэргийн сонсголд оролцохоор бэлтгэж байгаагаа ч хэлсэн билээ.

Түүнээс гадна шүүгдэгч Т.Түвшинбаатар өмгөөлөгч С.Саруултөгөлдөрөөс татгалзсан, П.Бадамхандын шинээр авсан өмгөөлөгч Э.Шинэцэцэг хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч энэ сарын 27-ны 10.00 цаг хүртэл хурлыг хойшлуулсан юм. Ингэхдээ Б.Ганхуягийг цагдан хорьсон захирамжийг хэвээр нь үлдээлээ.

Мөн тус шүүхэд “нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд тус газраас зарласан шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа “Батсуурь тэгш хүрээ” ХХК-ийн удирдлагаас 10 сая төгрөгийн хахууль нэхэж авсан хэрэгт буруутгагдсан юм. Шүүхээс Ц.Цолмонгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил хорих ял шийтгэсэн байна.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 13.30 цагт “нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгаж, яллах дүгнэлт үйлдсэн, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийлээ.

Улмаар тэдний гэм буруутай, эсэхийг энэ сарын 27-ны 10.00 цагт хэлэлцэхээр товлосон юм.

Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий өндөр албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан хэмээн яллагдагчаар татсан билээ

. Тус компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэдэг.

Ингэхдээ говийн гурван аймгийн газар нутгийг экологийн доройтолд оруулсан хэмээн буруутгагдаж буй билээ. Өөрөөр хэлбэл, эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан хэрэгт яллагдагчаар татагдсаныг бид өмнө нь мэдээлж байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.