32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл дугуйн болон явган хүний зам тавьж буй. Ингэхдээ хүйтний улиралд технологийн горим алдахгүй байх үүднээс зөөврийн хүлэмж ашиглан бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байна.
Тодруулбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд их багтаамжийн зогсоолыг явган хүний замын хамт байгуулахаар болсон. Үүний нэг хэсэг болох 32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл 1.2 км урт, 3 метр өргөнтэй явган хүний зам тавих, авто зогсоол байгуулах ажил аравдугаар сард эхэлсэн. Явган хүний замыг тавихдаа халтирдаггүй, барзгар чулуун хавтанг ашиглаж байгаа бөгөөд гэрэлтүүлгийг иж бүрэн хийж, шилэн кабелийг сувагчлах юм.
УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн:
-Манай улсын цаг агаарын онцлогоос хамаарч бүтээн байгуулалтын улирал богино байдаг. Тухайн хугацаанд худалдан авах ажиллагаа, бараа материалын нийлүүлэлт зэрэг цөөнгүй хүчин зүйлээс шалтгаалаад бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хэмжээнд хүртэл гүйцэтгэх боломжгүйд хүрдэг. Тиймээс энэ жилийн хувьд хүйтний улиралд бүтээн байгуулалтыг удаашруулахгүйн тулд бага оврын хүлэмж, халаагч ашиглан, хуурай технологиор явган хүний зам тавин туршиж байна. Энэ туршилт амжилттай болбол дараагийн жилүүдэд бид цаг алдахгүй бөгөөд цаашлаад тохижилт, бүтээн байгуулалт хийж буй аж ахуйн нэгжүүд ажиллах хүч, тоног төхөөрөмжийн асуудлаа шийдэх боломж бүрдэнэ. Явган хүний замын хүртээмж нь авто замын түгжрэлд нөлөөлөх нэг хүчин зүйл болдог учраас нийслэлийн зүгээс явган хүний замыг нэмэгдүүлэх, сайжруулахад онцгой анхаарч байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн оноос хойш 100,000 орчим ам метр явган хүний замыг өргөтгөн, шинэчлээд байна.
"Тасо" ХХК-ийн үйлдвэрийн дарга Б.Батсуурь:
-Урьдчилан бэлдсэн талбайд, евро стандартын дагуу явган хүний зам тавих ажлыг гүйцэтгэж байна. Явган хүн зорчиход халтирахгүй байх үүднээс үйлдвэрийн аргаар, технологийн дагуу байгалийн чулууг боловсруулж хийсэн хавтанг ашиглаж байгаа. Цемент, бетон ашиглахгүйгээр хуурай аргаар, евро стандартын дагуу хийж байгаа учраас дулааны улирал эхэлсэн ч явган зам хагарч, цуурахгүй. Энэ эрсдэлийг тооцон, төлөвлөж хийсэн. Дөрвөн бригад хоёр, хоёр ээлжээр ажиллаж, ажлаа аль болох эрчимжүүлэн ажиллаж байна хэмээлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зун хийхэд яадаг байнаа. Өдөр алдаж шөнө гэж.. Бид ер нь их л ухаантай улс шүү.
Наранд унтаж саранд бөөсөө түүнэ ээ - гэж