Дэлхийн 200 гаруй улс орон хүнсэндээ хонины мах хэрэглэдэг байна. Ялангуяа Ойрхи дорнын орнууд жилд 3.7 сая тонн мах импортоор авч байгаа юм. Дээрх импортын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн ажиллах боломжийн талаар өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Хонины махан ашиг шим ба экспортыг нэмэгдүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэ оны арван сарын байдлаар 1260 орчим тонн халал аргаар бэлдсэн махыг найман компани гаргасан байна
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Г.Гантогтох “Энэ оны арван сарын байдлаар мах, махан бүтээгдэхүүний экспорт 42.5 мянган тонн хүрч нэмэгдсэн. Энэ онд 3500 тонн хонины мах экспортолсон. Бэлчээрийн зохистой бодлого хэрэгжүүлэхийн тулд хонь, ямааны мах экспортлох бодлогыг яамны зүгээс барьж байгаа. Өнөөдрийн байдлаар хонины махны гарц 18 кг байна. Хонины махны тоонд биш чанарт анхаарч аль болох гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хонины эрчимжсэн мал аж ахуй бий болж махны чиглэлийн хонь үржүүлж байна. Одоогоор БНХАУ-руу бог малын мах, салаа туурайтны мах экспортлох түр хориотой байгаа” хэмээв.
Мал сүргийн 45.5 хувийг эзэлж буй хонин сүргийн ноосыг ашиглахаас гадна махны ашиг шимийг нэмэгдүүлэх боломжийг эрдэмтэн судлаачид судалжээ. Төв аймгийн Баянцагаан сумын IV багийн малчин Д.Лхагвасүрэн “Академич Ш.Дэмбэрэл манай суурин дээр жилийн өмнө судалгаа хийсэн. Энэ судалгаагаар хургыг долоон сараас арван сар хүртэл эхийн сүүнээс нь гаргаснаар махныхаа жинг авч таргалдаг гэдгийг судалсан. Мөн тартугаар хурга засах аргыг туршиж үзсэн. Тарту гэдэг арга маань засааг нь хагалахгүйгээр хавчиж, уургыг биед шингээн биеийн жин нэмэгдүүлэх боломж байгааг судалдсан. Махны жинг нэмэгдүүлснээр экспортонд гаргах боломж нэмэгдэж байгаа юм” гэлээ.
Австрали улсын хувьд эр хурганы махыг экспортоор авах сонирхол байдаг бөгөөд чанар, стандартын шаардлагад нийцсэн мах нийлүүлж чадвал зах зээл байгаа юм. “Мах маркет” ХХК-ийн Чанар, эрүүл ахуйн албаны дарга Н.Анхтуяа “Ойрхи дорнын бүс нутгийн улсууд халал аргаар бэлтгэсэн мах импортоор авдаг. Иймд манай улсын хувьд дээрх шаардлагад нийцсэн мах бэлтгэн нийлүүлэх боломж байгаа. Энэ оны арван сарын байдлаар 1260 орчим тонн халал аргаар бэлдсэн махыг найман компани гаргасан байна. Боломжит хэмжээнийхээ 2.3 хувийг гаргасан гэсэн үг” хэмээв. Халал мах гэдэг нь исламын шашны дагуу бэлтгэсэн буюу малын цус биеэс бүрэн гарсан, генийн өөрчлөлтгүй гэсэн хэд хэдэн гол шаардлага тавьдаг байна.
Халал аргаар бэлтгэсэн махны экспортын дундаж үнэ нь 4.2 ам.доллар байдаг бөгөөд аж ахуйн нэгжүүд малчдаас нэг килограмм хонины махыг ойролцоогоор 4300 төгрөгөөр тооцож худалдан авдаг ажээ.