СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хоёр дахь шатны Нүүрсний сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Шадар сайд Ч.Хүрэлбаатар нар дуудагдав

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
11 сарын өмнө

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Нүүрсний сонсголын түр хорооны даргын хувиар мэдээлэл хийлээ. Учир нь, ирэх долоо хоногт Нүүрсний сонсголын хоёр дахь шат болох бөгөөд хэлэлцэх асуудал, гэрч нарын нэрсийг танилцууллаа. 

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: 

-Нүүрсний сонсголын түр хороо сая хуралдлаа. Гэрч нарын нэр болон нэмэлт нотлох баримтын тогтоолыг тус тус баталлаа. 

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн эхний Нүүрсний сонсголоор 28 багц асуудалд 275 гэрчийг дуудсанаас 221 нь хүрэлцэн ирсэн байна. Ирэх долоо хоногийн сонсголоор С зөвшөөрөл, "Эрдэнэс Тавантолгой" ХК, орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-иудын тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт, гааль, хилийн цэргийн албан хаагчид, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалт, нүүрсний гэрээний үнийн дүн, "Чалко"-той байгуулсан гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэр, нүүрс худалдан авах гэрээ, "Тавантолгой түлш" ХХК-ийн санхүүжилт, Загийн усан хоолой төсөл, кокс, эрчим хүчний нүүрсний үйлдвэр, Багануур ХК, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замууд, Богд хан төмөр зам, "Админерал" ХХК зэрэг компанитай холбоотой асуудлууд багтаж байна. 

Эдгээр асуудал, аж ахуйн нэгжтэй холбоотой 280-300 гэрчийг дуудна. Үүнд, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ц.Сэргэлэн, Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн асан М.Зоригт, С.Баярцогт, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Р.Буд, ТӨХ-ны дарга асан Д.Сугар, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Б.Энэбиш, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар, "Бодь групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баясгалан, "Бодь интернэйшнл" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амундра, "Админерал" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Хасбаатар, МАН-ын НБД Ц.Чулуунзагд, НЗД бөгөөд УБ хотын захирагч асан Д.Сумъяабазар, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон нар багтаж байна. 

-Шинжээч нарт тулгарч буй асуудал гэж байгаа юу? 

-АТҮТ, БОАЖЯ, Гашуунсухайт авто зам зэрэг байгууллагууд шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж өгөхгүй байгаа. 

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг дахин дууджээ. Тэр хүн ирэх хуулийн боломж байхгүй гээ биз дээ? 

-Б.Ганхуяг бол шүүгдэгч. Шүүх гэм бурууг нь шүүж байгаа. Ийм учраас гэрчээр авчрах боломжгүй гэсэн. С.Ганбаатар гишүүнд шүүхийн байгууллагаас Үндсэн хууль сануулсан байна лээ. Ер нь С.Ганбаатар гишүүн чинь юм өгүүлбэрээ ойлгож уншдаггүй хүн байна лээ шд. Шүүн таслах ажиллагаанд саад учруулж болохгүй шүү дээ. "Авчирч болно" гэж гишүүн Т.Доржханд, С.Ганбаатар нар яриад байгаа. Надаар Үндсэн хууль зөрчүүлэх хэрэггүй. Би "Та нар аваад ир" гэсэн зүйл л хэлсэн. 

Шинжээч нар дур зоргоороо хүн дуудна гэж байхгүй. Хэвлэлээр гараад байгаа учраас дуудах ёстой гэсэн зүйл байхгүй. Нотлох баримтын хүрээнд л гэрчээр дуудаж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.