Хоёр сарын өмнөөс орон нутагт үүссэн түлш, шатахууны хомстол хагас сарын өмнөөс Улаанбаатар хотыг нөмрөв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын хэлж буйгаар салбарын яамны хувьд өвөлжилт, цас зудтай холбоотойгоор хөдөө орон нутаг руу илүүтэй анхаарснаас Улаанбаатарт хот анхаарлын гадна үлдэж, тэнцвэр алдагдсан гэв. Мөн, Шатахууны бөөний үнэ жижиглэнгээсээ үнэтэй болсон, иргэд банкаа дүүргэж байгаа нь толгойны өвчин болоод байгааг нуусангүй. Үүнийг эс тооцвол түлш, шатахуун хэвийн орж ирж байгаа гэлээ.
УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:
-Монгол Улсад түлш хомстсон үндсэн гурван шалтгаан байна. Нэгдүгээрт, ОХУ-д түүхэндээ анх удаа гэж хэлж болохоор түлш хомстоод байна. Зах хязгаар нутгуудын уул уурхайнууд өвлийн түлшээ авч чадаагүй байна. Хоёрдугаарт, ОХУ-ын хувьд Ази руу ачаа илүүтэй тээвэрлэж байгаагаас тээврийн асуудал хоцрогдолтой байна. Төмөр замд бөөгнөрөл үүсээд байна. Гуравдугаарт, манай улсын уул уурхайн экспорт өсөж, хэрэглээ нэмэгдсэн учир түлшний нийлүүлэлтийг гүйцэхгүй байна.
Манай улс ердийн үед сард 90 мянган тонн түлш хэрэглэдэг байсан. Уул уурхайн экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор одоо сардаа 120 мянган тонныг хэрэглэж байна. Түлшний 60 хувийг уул уурхайд хэрэглэж байна. Одоогоор манай улс 65 сая тонн нүүрс гаргаад байна. Он дуусахаас өмнө 70 сая тонн ч хүрч мэдэхээр байна. Тэгэхээр нь түлш хомстож байгаа нь сайн, муу хоёр талтай болчихоод байгаа юм.
Украины дайнтай холбоотойгоор манай руу 21 хоног түлш орж ирээгүй. Энэ хүндрэлээс л бид гарч чадахгүй байсаар одоогийн нөхцөл байдалд тулчихлаа. Мөн, өвөлжилт, цас зудтай холбоотойгоор хөдөө орон нутаг руу илүүтэй анхаарснаас Улаанбаатарт хот анхаарлын гадна үлдэж, тэнцвэр алдагдсан тал бий.
БНХАУ-аас 31 мянган тонн түлш захиалсан. Эхний ээлж болох 5000тн өнөөдөр орж ирнэ. Түлш ойрын гурав хоногтоо жигдэрчихнэ гэж харж байгаа.
Харин шатахууны хувьд хэвийн байгаа. Харин ч өмнөхөөсөө илүүтэй орж ирж байгаа. Гагцхүү бөөний үнэ жижиглэнгийн үнээс өндөр байгаад байна. Иймээс дамлаж зарах явдал их байна. Та бүхэн сошиалаас харсан байх, 1-2 тонны жижиг тэргүүд ШТС-уудаас шатахуун аваад, дамлаж зараад байгаа. Колонкгүй компаниуд бөөнөөр зараад байна. Иймд өнөөдрөөс эхлэн падаангүй бол орон нутаг руу шатахуун гаргахгүй гэдэг бодлогыг гаргаж байна.
Нөгөөтэйгүүр, иргэд оочер дараалал үүсгэмээргүй байна. Бүгд банкаа дүүргэж байна. Бүгд банкаа дүүргээд байвал манай улс нөөцгүй болно. Улсад нэг ч ШТС, нэг ч нөөцийн сав байдаггүй шүү дээ. Улаанбаатар хотод шатахууны 20 сав байдаг, тэрийг л төр хянаж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.