Хөдөлмөрийн Үндэсний намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр ХҮН-ын дарга Т.Доржханд "Залуучууд, орон нутагт амьдарч байгаа иргэдийн зүгээс ХҮН-ын үйл ажиллагааг дэмжиж, гишүүнээр элсье гэх хүсэлт их ирэх боллоо. Манай хаалга үргэлж нээлттэй байна" хэмээв.
Тус намд гишүүнээр элссэн гишүүдийн байр суурийг хүргэж байна.
Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын гишүүн асан н.Отгонбат:
-Миний бие Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Би улс төр судлаач хүний хувьд улс төрийн намуудыг дотроо хууль дүрмээ мөрддөг, нам өөрөө эрүүл байж цааш улс орныг хөтлөх ёстой гэж боддог. Харамсалтай нь манай Ардчилсан нам энэ нөхцөл боломж байхгүй байна. Дотроо идээ бээртээ баригдсан байж яаж улс орныг хөгжүүлэх юм бэ. Иймд би ХҮН-д итгэл өгч гишүүнээр элсэж байна. ХҮН бол манай АН-тай адил баруун төвийн үзэл баримтлалтай нам.
Хэнтий аймгийн гишүүн н.Баярбилэг:
-Би АН-ын ҮБХ-ны гишүүн, Хэнтий аймгийн АН-ын дэд даргаар ажиллаж байсан хүн. Өнөөдрийг хүртэл Монгол улс олон намын тогтолцоонд шилжээд 30 жил болсон ч хоёр нам ээлжлэн төр барьж, авлига хээл хахуулиас салж чадсангүй. АН сөрөг хүчнийхээ байр суурийг ч барьж чадахаа больсон. ХҮН асуудлыг бодитой гаргаж, эрүүл зөв аргаар ажиллаж байгаа учраас би ХҮН-ыг сонгож гишүүнээр элслээ. Эрх чөлөөг эрхэмлэсэн баруун төвийн үзэл баримтлалтай учраас урваж шарваж байгаа хэрэг биш, улс орноо хөгжүүлэх чин зорилгоо баримталж байгаа учраас та бүхэн ойлгоорой.
Сүхбаатар аймгийн гишүүн н.Энхтөр:
-Би Австрали улсын Мельбурн хотод магистр хамгаалсан, улс төр судлаач. Одоо хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг. Би Шинэ намын гишүүн байсан. Гурван жилийн өмнө намын гишүүнээсээ татгалзаж хувийн хэвшилд мэргэжлээрээ ажиллаж байсан. Яагаад би ийм сонголт хийв гэвэл нэгдүгээрт, ХҮН-ын боловсон хүчний талаар барьж байгаа бодлого таалагдсан. Хоёрдугаарт, ХҮН дотоодын эдийн засгийг дэмжиж, иргэдийн орлогыг нэмэх юм байна. Дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих юм байна. Дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг нь харж би дэмжлээ. Гуравдугаарт, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Ногоон автобусны асуудлыг ил гарган тавьж, бодитой арга хэмжээ авч байгаа нь таалагдаж, итгэл үнэмшил төрсөн учраас би гишүүн нь болж байна. Хуульч хүний хувьд эрхзүйн шинэчлэл, шударга ёс тогтооход хувь нэмрээ оруулна гэж бодож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.