Монгол Улс түлшний хомстолд ороод сар гаруй, түгээмэл хэрэглэдэг АИ-92 шатахуун магнаг болоод хагас сар болж байна.
Манай улс энэ талдаа ОХУ-аас бараг 100 хувь хараат гэж хэлж болохоор, жилд 2 тэрбум ам.долларын түлш, шатахуун, бусад тос тосолгооны материал худалдан авдаг. Хоёр эх үүсвэртэй болохоор БНХАУ-д ханддаг ч тус улс өөрөө томоохон импортлогч орон тул манайд илүүчлэх сонирхолгүй, байлаа ч ОХУ-аас өндөр үнээр нийлүүлнэ гэдэг. Ингээд хичнээн муу хэллээ ч эргээд Орос руугаа хандахаас өөр аргагүй явж ирлээ.
Украины дайнтай холбоотойгоор түлш хомстоод байгаа нь бодит үнэн. Орос улс түлшинд квот тогтоосон. Гэтэл АИ-92 шатахуунд квот тогтоогоогүй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлж буйгаар өмнөх жилтэй харьцуулахад АИ-92 шатахуун бүр илүү орж ирсэн гэж удаа дараа мэдэгдээд байгаа. Эх сурвалжаас авсан мэдээллээр энэ нь батлагдаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад АИ-92 шатахуун хомстох нь бүү хэл халгиж цалгиж байхаар их нөөцтэй байна. Гэвч яагаад урт дараалал үүсэж, шатахуун хайсан иргэд хотын нэг захаас нөгөө зах руу явж байна вэ?
Энэ бүхэнд хэд хэдэн шалтгаан байгаа юмсанж.
АИ-92 шатахууны хомстол, урт дараалал Засгийн буруутай үйл ажиллагаа, тэр дундаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, АМГТГ-ын дарга Л.Баярмандал нарын чадамжгүй, чалхгүй байдалтай шууд холбоотой гэж үзэж болно.
Ж.Ганбаатар сайд 11 сарын 27-нд "Урдаас түлш ирж байгаа. Тав хоногийн дараа хэвийн болно" гэж мэдэгдсэн боловч өнөөдөр /12 сарын 10/ мөн л "Удахгүй хэвийн болно" гэсэн улиг болсон үгээ хэлээд зогсож байна. Энэ бол удирдлагын арга, зохион байгуулалт муутай байгаагийн шууд илрэл. Мөн Ж.Ганбаатар, Л.Баярмандал нарын хамгийн сайн чаддаг зүйл нь нефть импортлогч компаниудаа хяргах болохоос, эвийг нь олоод шатахуунаа хэвийн түгээлгэж ч чадахгүй л байна. Иймээс зөвхөн үүнийх нь төлөө энэ хоёр хүнийг зууралдаад байгаа сандлаас нь зайлуулах хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр, нефть импортлогч компаниуд өөрсдөө зохицуулаад хэвийн оруулж ирж байсан юман дээр манай "бүдүүн" дарга нар шууд оролцсон, Орос руу хэд хэд "гүйсэн", утсаар баахан залгасан зүйл байна. Тус бүрдээ л сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор улс төрийн оноо авах гэж оролдсон. Хоосон амлалт их хийсэн. Гуйлгаж байгаа тал гэдийдэг ёсоор оросууд гэдийсэн байна. Хэдийгээр АИ-92 шатахуунаа хэвийн өгч байгаа ч тээвэр дээр манай улсыг янаглан хорлож байгаа тухай эх сурвалж хэлж байна.
УБТЗ хэдийгээр хоёр улсын дундын өмч боловч дайны улмаас Монголын тал давуу байдлаа алдаж, түлш шатахуунаа ч хэвийн татаж авч чадахгүй байдалтай болчихоод байгаа нь үнэн бололтой.
Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг газарт 1-2 тонны машинууд жижиглэнгийн үнээр түлш, шатахуун зарж байгаа гэх мэдээллийг хууль хяналтын байгууллагууд шалгаж, зөрчилтэй бол арга хэмжээ авах учиртай. Наанаа "АИ-92 дууссан" гэсэн бичиг наачихаад, цаанаа өндөр үнээр дамлан зарж байгаа бол зогсоох хэрэгтэй.
Түлш, шатахууны асуудал удахгүй хэвийн болох байх.
Тулгарч байсан асуудал үгүй болохоор монголчууд мартчихдаг. Загасны ой санамж 8 секунд. Дарга нарын ч санаа амардаг. Гэтэл асуудлыг углуургаар нь шийдээгүй бол асуудал оршсоор л байдаг. Эгзэгтэй цаг үед "үсрээд" л гараад ирдэг.
Түлш, шатахууны асуудал хэзээ нэгэн цагт дахин босож ирнэ. Нэг бол төр төмөр нүүрээ харуулж нефть импортлогчидтой хатуухан үзэх хэрэгтэй. Үгүй бол үнийг нь чөлөөлж, зах зээлийн голдиролд нь оруул! Өөр аргагүй. Дарга нарын ажлаа мэддэггүй, засаглаж чаддаггүй арчаагүй байдлын горыг иргэд хэдэн цагаар дугаарлаж амсаж байна.
Хэдийгээр АИ-92 хангалттай нөөцтэй байгаа ч паанигт орсон иргэд бүгд банкаа дүүргэж байна. Түгжрэлд ч нэлээд шатахуунаа "шатааж" байна. Иргэдийг буруутгах ямар ч аргагүй шүү дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Man duulj BN daa hu
Ганбаатар ажлаа хийж чадахгүй байгаа нь үнэншүү ажлаа өнөөд зайлах хэрэгтэй
Тусгай зөвшөөрлөө больчих. Үнэээ сул тавьчих. Бид өөрсдөө зохицуулъя.
Ганбаатар чихрээ л зар
Ганбаатарыг огцруул.Хөдөө суманд 6 сараас эхлээд бензин байхгүй болсон шүү.
... ОЛОН ЖИЛ НЕФТИЙН МАГНАГТУУДЫГ АРДЧИЛЛЫН БУЯНААР ТЭЖЭЭЛЭЭ. ОДОО АРД ТҮМЭН БЕНЗИНЫ ГАЧИГДЛААС АНГИЖАРДАГГҮЙ ДЭЭ ... Стратегийн онц чухал объект болох 1994 онд хувьчилсан НИК-ийнхээ хувьчиллаа эргэн харж эргүүлж Төрдөө авъяа. Нефть импорт концерн /НИК/...
Уул уурхайн сайдаар жижиглэн худалдааны хүн тавьчихаад тэнэгтээд суух юм.