Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр тохиодог "Хүний эрхийн олон улсын өдөр"-ийг тохиолдуулан хүний эрхийн үндсэн ойлголтын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
1. Хүний эрхийн тухай ойлголтыг Персийн эзэнт гүрний Их Сайрус хаан (МЭО 600-530 он) боолуудыг чөлөөлж, шашин шүтэхийг зөвшөөрч, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалснаар үндэслэсэн гэж үздэг байна.
2. МЭ 1215 онд хэсэг бароны шаардлагаар эзэн хаан ч зөрчиж үл болох тодорхой эрхүүдийг тусгасан Магна Карта-д Английн Жон хаан гарын үсэг зурж байжээ.
3. 1945-1949 онд хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр нацист Германы удирдагчдаас Холбоотны эвсэл ял асуусан. Энэ нь дайны үед гэмт хэрэг үйлдсэн хэргээр хувь хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж, ялласан түүхэн дэх анхны тохиолдол аж.
4. НҮБ-ын Ерөнхий Ассамблей бүх хүний “үндсэн ба салшгүй” эрхүүдийг тусгасан Хүний эрхийн түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-нд баталсантай холбогдуулан энэхүү өдрийг дэлхий дахинд хүний эрх бөгөөд хүмүүсийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.
5. Дэлхийн дахинд хамгийн олон хэл дээр орчуулагдсан баримт бичиг бол Хүний эрхийн түгээмэл Тунхаглал бөгөөд нийт 555 хэл дээр орчуулагдсанаараа Геннисийн номонд бүртгэгдсэн юм.
6. 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн дээд комиссарын албан тушаалыг бий болгожээ. Тухайн жилдээ эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тухай тунхаглалыг баталж байв.
7. Нелсон Мандела, Ф.В.де Клерк нар Өмнөд Африкт арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг халахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж, энэ асуудлыг энхийн замаар шийдвэрлэснээрээ Нобелийн Энх тайвны шагналыг 1993 онд хүртжээ.
8. Руанда улсын хүн амын 80 хувийг бүрдүүлдэг хуту үндэстнүүд болон үндэстний цөөнхийн бүлэгт хамаарах тутсичууд хоорондын хурцадмал байдал 1996 онд оргилдоо хүрчээ. 100 хоногийн дотор 800,000 тутси хүн амь үрэгдэж байв. Руандагийн энэхүү геноцид нь орчин цагийн түүхэнд хүний эрхийг хамгийн ихээр зөрчсөн явдал гэгддэг юм.
9. Хүний эрхийн олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 10-нд тохиодог. Харин Өмнөд Африкчууд 1960 онд болсон хядлагыг нэхэн дурсахын тулд Хүний эрхийн олон улсын өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 1960 онд Өмнөд Африкт 5,000 хүн тайван жагсаал хийн эсэргүүцлээ илэрхийлж байхад цагдаа нар тэдэн рүү гал нээж, 69 хүнийг хөнөөж, 180 хүнийг шархдуулж байжээ.
10. Эмэгтэйчүүд болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь дэлхийн хэмжээнд хүний эрхийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байна. Гэвч олон улс оронд гэр бүлийн хүчирхийллийг “гэмт хэрэг” гэж үздэггүй байна.
11. Интернэтэд нэвтрэхийг хүний үндсэн эрхүүдийн нэг гэж НҮБ-аас 2011 онд тунхаглажээ. 13. Мөн жирэмслэхээс сэргийлж, хамгаалахыг хүний үндсэн эрхүүдийн нэг гэж НҮБ 2012 онд тунхаглажээ.
12. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 2019 онд гаргасан нэгэн судалгааны тайланд дурдсанаар, дэлхийн хэмжээнд 152 сая хүүхэд ажил хөдөлмөр эрхэлж байна. Тухайлбал, баруун Африкт ажил хөдөлмөр эрхэлж буй 10 хүүхэд тутмын 7 нь какаоны талбай гэх мэт хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна.
13. Австрали улсыг “хүний эрхийн баатар” хэмээн сайшаадаг хэдий ч орогнол хүсэгчидтэй зүй бусаар харьцдаг, уугуул иргэдийн эсрэг чиглэсэн шударга бус эрүүгийн шүүхийн тогтолцоотой, залуучуудын эрхийг хамгаалах тогтолцоо нь ихээхэн гажуудсан гэх мэт ноцтой алдаа дутагдлууд байна гэж хүний эрхийн төлөө тэмцэгч “Human Rights Watch” олон улсын төрийн бус байгууллагаас 2019 онд гаргасан тайланд дурджээ.
14. Венесуэл, Йемен, Сири, Орос, Саудын Араб, Мьянмар болон Хятад зэрэг улс нь сүүлийн үеийн хүний эрхийн зөрчлийн “халуун цэгүүд” гэгдэж байна.
15. 2017 оны нэгэн судалгааны тайланд дурдсанаар, дэлхийн 72 улс оронд ижил хүйстнүүдийн харилцааг "гэмт хэрэг" гэж үзсэн хэвээр байна. Эдгээр улсын найм нь ийм харилцаа тогтоосон хүмүүст цаазын ялтай аж.
16. АНУ-д трансжендер хүн, тэр дундаа өнгөт арьст транс эмэгтэйчүүд хүчирхийллийн хохирогч болох эрсдэл илүү өндөр байна.
17. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 2017 онд гаргасан судалгааны тайланд дурдсанаар, хоол хүнсний архаг хомсдолд орсон хүмүүсийн тоо 3 жил дараалан нэмэгдэж, 821 саяд хүрчээ.
18. 2018 онд АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарсан бөгөөд үүнтэй холбоотойгоор тус улсыг дэлхий дахин ихээхэн зэмлэн буруушаах болсон юм.
Эх сурвалж: 24tsag.mn
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.