СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-09

Г.Занданшатар: Хиймэл оюун ухаан, цахим орчинд хүний эрх, аюулгүй байдлыг хангах асуудал тулгамдаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг та бүхэнд товчлон хүргэе. 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: 

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жил, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба байгуулагдсаны 30 жил, Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Парисын зарчим батлагдсаны 30 жилийн ойн мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл нийт 294 олон талт олон улсын гэрээг соёрхон баталсан. Тэдгээрээс хүний эрхийн суурь 8 конвенц, тэдгээрийг дагалдах 40 гэрээнд нэгдээд байна. Эдгээр гэрээ, пакт болон НҮБ, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлэхийн төлөө байнгын хүч чармайлт тавьж, тайлан илтгэлүүдээ хүргүүлж, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлж байна.

Тиймээс Монгол Улсын Их Хурал Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн болон бусад түүхэн ойнуудад зориулан Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж байна.

Тунхаглал нь зөвлөмжийн шинжтэй баримт бичиг боловч хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, улс орнуудын Үндсэн хууль, хууль тогтоомжийн үндэс болсоор ирсэн. Энэ утгаараа Тунхаглалын үзэл санаа 1992 онд баталсан Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуульд бүрэн тусгалаа олж, хүний салшгүй эрхийг анх удаа бүрэн цогцоор нь баталгаажуулсан юм.

Манай улс хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний анхдугаар илтгэлээ 2010 онд, II илтгэлээ 2015 онд, III илтгэлээ 2021 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр хэлэлцүүллээ. Гурав дахь илтгэлийг хэлэлцээд тус Зөвлөлөөс ирүүлсэн 190 зөвлөмжийг 2023-2025 онд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар батлан хэрэгжүүлж байна.

Хүний эрхийг хамгаалах тогтолцооны асуудлыг авч үзэхдээ хэн зөрчих боломжтой вэ гэдэгт илүү анхаарах ёстой. Тэгвэл хүний эрхийг зөрчих, хязгаарлах гол субъект нь Төр өөрөө байдаг байна. Тиймээс төрийн эрх мэдлийг хуваарилах, хуулийн засаглалыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна.

Манай улсад хүний эрх зөрчигдөх явдал арилаагүй, гарсаар байна. НҮБ-ын хүний эрхийн механизмуудаас гаргаж буй удаа дараагийн дүгнэлт, зөвлөмжүүдэд ч  энэ талаар дурдсаар байгаа.

Хот, хөдөөгийн нийтлэг асуудал болсон агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл нь хүний амьд явах эрхэд ноцтой заналхийлэл учруулж байна. Ийм учраас “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогыг Засгийн газар дэвшүүлсэн нь хүний эрхийг хангахын төлөө хийж буй чухал санаачилга юм.

Хувийн өмч бол хүн эрх, эрх чөлөөтэй байх, түүнийгээ бодитоор эдлэх гол нөхцөл мөн. Гэтэл хувийн өмчийг хамгаалах баталгааг зөрчих явдал гарсаар байна. Хувийн өмч гэдэгт гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах асуудал ч мөн хамаарна гэдгийг онцлон тэмдэглэе. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хүний эрхийн хүрээнд онцгойлон авч үзэх ёстой.

Авлигын сүлжээ илчлэгдэж, баялгийн хуваарилалт, орлогын тэгш бус байдал нийгэмд бухимдал үүсгэж, энэ хэрээр хүний эрхийн зөрчил нэмэгдэх хандлагатай боллоо. Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах иргэний эрх бүрэн хангагдахгүй байна. Эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар доромжлон харилцаж, хууль бусаар мөрдөх ажиллагаа явуулж, ял шийтгэсэн баримт олон нийтэд дэлгэгдэж байсан. Гэхдээ энэ сүүдэр одоо болтол арилаагүй байна.

Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хууль тогтоомж шинэчлэгдсээр байгаа боловч хэрэг зөрчил буурахгүй, хүнлэг бус, ёс бус үйлдэл, доромжлол үйлдэгдсээр байгааг нийгмээрээ шүүмжилж, бухимдаж байна. 

Олон нийтийн цахим мэдээллийн сүлжээ хурдацтай хөгжиж, тэндээс иргэд мэдээлэл олж авахын зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжууд нэмэгдсэн. Гэсэн хэдий ч хиймэл оюун ухаан, цахим орчинд хүний эрх, аюулгүй байдлыг хангах асуудал тулгамдаж байна.

Хотын алслагдсан хороололд амьдардаг иргэд, хөдөөгийн малчин өрхүүдийн хувьд интернэтийн хурд, сүлжээний хүртээмж хангалтгүй байгаа. Өндөр настан, үндэстний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахим үйлчилгээг тэр бүр авч чадахгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Энэ нь нийгэмд цахим хуваагдлыг бий болгож байна.

Дэлхийн улс орнууд хиймэл оюун ухааны чатбот технологийн программуудыг ашиглаж худал, захиалгат мэдээлэл тараах, хүний эрх, нэр төрд халдах байдалд тодорхой цензур тогтоохыг эрмэлзэж байгаа ч бүрэн хяналт тавьж чадахгүй байна. Үүнтэй холбогдуулан АНУ болон Европын 40 гаруй оронд өндөр хандалттай зарим вэбсайтын үйл ажиллагааг хязгаарлахад хүрчээ.

Хүний үндсэн эрхийн үзүүлэлтээр 2017 онд 113 орноос 56-д орж байсан бол 2023 онд 142 орноос 69-д, авлигын үзүүлэлтээр 2017 онд 113 орноос 70-д эрэмбэлэгдсэн бол, 2023 онд 142 орноос 86-д, эрүүгийн эрх зүйн хэрэгжилтээр 2017 онд 113 орноос 50-д орсон бол 2023 онд 142 орноос 66-д, Нээлттэй засаглалын байдлаар 2017 онд 113 орноос 61-д жагсаж байснаа 2023 онд 142 орноос 74-д орсон байх жишээтэй.

Эндээс бид чухам ямар асуудалд илүү анхаарах ёстой вэ гэдэгт дүгнэлт хийх ёстой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.