СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гаалийн байгууллагын албан тушаалтан Б.Оюундэлгэр нар торгох ялаа эдлэхээр болов

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 сарын өмнө

Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, гаалийн улсын байцаагч Г.Эрдэнэбаатар, Ж.Баттогтох, Л.Оргилмаа, Ц.Батбилэг нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэхээр өмгөөлөгч нар нь хандаад байсан. Тэдний гомдлыг Дээд шүүх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэнээр торгох ялаа эдлэх болов.

АТГ-ынхан анх 2015 оны арваннэгдүгээр сараас шалгаж эхэлсэн эл хэргийг шүүхээс удаа дараа буцаасны эцэст ийнхүү эцэслэн шийдвэрлэж байна. ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Оюундэлгэр Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэбаатарыг Замын-Үүдэд гаалийн улсын байцаагчаар, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Дариймааг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын байцаагч Ц.Батбилэгийг Улаанбаатар дахь Гаалийн газрын улсын байцаагчаар шилжүүлэн томилох тушаал гаргуулсны хариуд хахууль авсан хэрэгт холбогдсон юм.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Оюундэлгэрийг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэм буруутайд тооцож, төрийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 12 сая 480 мянган төгрөгөөр торгожээ. Улмаар түүнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.5 саяыг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарыг хээл хахууль өгсөн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзээд 10 сая 560 мянга, Ж.Баттогтох, Л.Оргилмаа нарыг хээл хахууль өгч, авахад зуучилсан гэм буруутай гэж дүгнэн таван сая 760 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.