СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЭМЯ-ны мэргэжилтэн Н.Чимэдлхам, Б.Болорчимэг тэргүүтэй 23 хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхгүй

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
11 сарын өмнө

ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд, тэдэнд хахууль өгсөн аж ахуйн нэгжийн ажилтнууд багтсан 23 хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Тэдний өмгөөлөгч нарыг гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан “хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлд хамаарахгүй гэж үзээд ийн шийдвэрлэжээ. Ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хэвээр үлдэж, шүүгдэгч нар ял шийтгэлээ эдлэх болж байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард ЭМЯ-ны ТЗУГ-ын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулж хахууль авсан гэм буруутайд тооцсон. Улмаар Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарын нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил зургаан сарын хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оноосон билээ.

ЭМЯ-ны гэрээт шинжээч эмч Ү.Отгонбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 18 сая, шинжээч эмч Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 2.7-3 сая төгрөгөөр торгосон. Харин аж ахуйн нэгжийн албан тушаалтан Н.Мөнх-Эрдэнэ, Р.Октябрь нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 3.5 сая, Ж.Нэргүйг төрд ажиллах эрхийг мөн хугацаагаар хасаж, найман сая, М.Золтуяа, Б.Ганзориг нарын нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасаж, таван сая, С.Энхболд, Б.Галхүү, Б.Амаржаргал нарыг гурван сая, Г.Насандэлгэрийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 12 сая, Т.Ариунаа, Д.Гантөмөр, Ц.Наранбаяр нарыг 2.7 сая, Б.Цацралт-Одын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Шүүгдэгч О.Тамирт гурван сая төгрөгөөр торгох ял оноож, цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ёстой ялд оруулан тооцож, нийт 1.2 сая төгрөгөөр торгохоор болсон. М.Болортуяа, Д.Булгансүрэн, С.Бямбасүрэн, С.Алтанзаяа, Б.Дэлгэр нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаад, ялаас чөлөөлсөн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.