Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын харьяа орон нутаг дахь салбарын удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, төсвийн хөрөнгөөс завших, зориулалт бусаар зарцуулах явдал нэг бус гарч байна.
Тухайлбал, Дундговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Ганзоригийг албан тушаалаа урвуулж, хүүхдэд зориулах ёстой хөрөнгийг өөр зүйлд зарцуулсан гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сард эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх тухай тушаал гаргаж, тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаар болсон байна. Гэвч уг ажлаа зохион байгуулаагүй атлаа багагүй хэмжээний мөнгийг СНЛ, “Тогоогийн говь” ХХК-ийн дансанд шилжүүлээд, түүнээсээ байгууллагынхаа ажилтнуудын 35 хүүхдэд шинэ жилийн бэлэг авч гардуулсан гэнэ. Мөн Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулсан зардал шийдвэрлэх тухай өөр нэг тушаал гаргаж, ямар ч ажил зохион байгуулаагүй атлаа мөнгө шилжүүлж бусдын өр төлбөрийг төлж, давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдсон аж.
Төсвийн хөрөнгийг завшсан хэрэгт Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Б.Баяртуяаг бас шалгаж дууссан байна. Тэрбээр удирдаж буй байгууллагынхаа харьяанд байдаг “Баянбулаг” хүүхдийн амралтын газарт Худалдаа, аж үйлдвэрийн танхимын баруун бүсийн сургалт семинарыг зохион байгуулж, амралтын зардал 3.5 сая төгрөгийг хувийн дансандаа шилжүүлэн авч өөртөө зарцуулсан хэрэгт буруутгагдсан юм билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шат шатандаа л гударчих юм доо