™ watch diff|
Улс төр | 2023-12-08

Б.Нарантуяа: Туулсан замаа эргэн харж, хийж бүтээснээрээ бахархан алдаа оноогоо цэгнэлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн ИТХ-аас Нутгийн удирдлагын байгууллагын 30 жилийн ойгоо энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Ойн үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяатай цөөн хором хөөрөлдлөө.

-Танд болон танай хамт олонд ойн баярын мэнд хүргэе. Ер нь ойн үйл ажиллагааны тухайд таны бодол юу байдаг вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын шинэ тогтолцоо бүрэлдэн тогтоод 30 жил болж байна.

Бид өнөөдөр өнгөрсөн 30 жилийн туулсан замаа эргэн харж, хийж бүтээснээрээ бахархан алдаа оноогоо цэгнэлээ. Мөн Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг роль, нийгэмд эзлэх байр суурийг улам бататган тодруулахад чухал ач холбогдолтой юм.

Мөн Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн түүх бол бид бүхний суралцсан, дадлагажсан, нутаг орныхоо эдийн засаг, нийгмийн амьдралын зорилтыг хэлэлцэж баталсан, биелэлт үр дүнгээ иргэдтэйгээ хамтран хэлэлцэж дүгнэсэн, аймаг орон нутгаа хөгжүүлсэн, бүтээн байгуулалт өрнөсөн та бидний, хамтын түүх гэж миний хувьд бодож байна. 

Үндсэн хуулиараа Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн үндсийг баталгаажуулан тунхаглаж аймаг, нийслэлээс баг, хороо хүртэл засаг захиргааны бүх шатандаа бие даасан хуралтай болсон нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, түүндээ тулгуурласан төрийн дэглэмтэй байсан манай улсын хувьд ардчилал зах зээлд шилжин нийгмийн амьдралыг шинэчлэх үйл явцад нийгмийн шинэ харилцаанд тохирсон засаг захиргааны бүтэц, удирдлагын арга барил, үйл ажиллагаанд шилжих, ард иргэдэд өөрсдийн сонгож байгуулсан удирдах байгууллагаараа дамжуулан нутаг орноо удирдаж, ахуй амьдралаа дээшлүүлэн, орон нутгийнхаа ажил асуудлыг шийдвэрлэхэд бодитоор оролцох боломжийг бүрдүүлж өгсөн байгаа.

-Гурван аравныг туулсан байгууллагын түүхийн үе шатыг онцолвол?

-Нутгийн өөрийн удирдлагын шинэ тогтолцооны 30 жилийн хөгжлийг байгууллагын хөгжил өөрчлөлтийн онолын үүднээс авч үзвэл эхний 10 жил нь аймаг, сумын ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газрууд шинээр бүрэлдэн өсөж бойжих, өөрийгөө нээж орон зай, байр сууриа эзлэх, бусдад хүлээн зөвшөөрөгдөх хариуцлагатай үе байсан гэж хэлж болно.

Энэ үе шатанд нутгийн удирдлагын байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм журмаа боловсруулан баталж хөрөнгийн болоод хүний нөөцөө бүрүүлэх, чадавхаа бэхжүүлэх, харилцаагаа өргөтгөх, соёлоо төлөвшүүлэх, эрэл хайгуул хийж үйл ажиллагаагаа зүгшрүүлэхэд анхаарч ажилласан он жилүүд байлаа.

Харин 2 дахь 10 жилд нь нутгийн удирдлагын байгууллагуудын хөгжил төлөвшлийн шинэ үе эхэлсэн гэж хэлж болно. Энэ үеэс нутгийн удирдлагын байгууллагуудын хууль эрх зүйн орчинд өөрчлөлт орж, бүтэц зохион байгуулалт тогтворжиж, материаллаг бааз, боловсон хүчний нөөц чадавх дээшилж, өмнөх түүх сургамжаасаа суралцаж идэвхтэй ажиллаж эхэлсэн юм.

Сүүлийн 10 жилд нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдал хууль эрх зүйн хувьд илүү бэхжиж, үйл ажиллагаа нь улам боловсронгуй болж, хийх ажил, хэлэлцэн шийдвэрлэх асуудлын цар хүрээ өргөжин нутаг орныхоо хөгжил, иргэдийн ахуй амьдралын олон талт асуудлыг барьж авч судлан шийдвэрлэхэд голлох үүрэгтэй нөлөө бүхий өндөр байр суурьтай байгууллага болон өргөжиж хөгжсөн байна.

-Энэ байгууллагыг өнөөдөр иргэд, олон нийт аль хэдүйн мэддэг, хүлээн зөвшөөрдөг болсон байна?

-30 жил гэдэг бол Үндсэн хуулийн статустай, Үндэсний хэмжээний тогтолцоотой байгууллагын хувьд өчүүхэн бага хугацаа боловч харин энэ байгууллагыг бүрдүүлж байгаа эд эс нь болж ажилладаг хүмүүний амьдралын хугацаагаар бол ажил хөдөлмөр идэвхтэй эрхлэх хугацаатай бараг тэнцэхүйц урт хугацаа юм.

Тийм ч учраас энэ байгууллагын тулгын чулууг тавилцаж галыг асааж анх сонгогдож, томилогдон ажиллаж байсан зарим хүмүүс маань гавьяаныхаа амралтад гарсныг үзвэл НӨУЁБ аль хэдий нь ахмад, дунд, залуу үеийн төлөөлөлтэй, өөрийн түүхтэй, өөрийн үнэт зүйлтэй, өөрийн хүний нөөцтэй олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болж чаджээ.

-Энэ хугацаанд Сэлэнгэ аймгийн болоод сумдын ИТХ-д хэчнээн төлөөлөгч сонгогдон ажилласан бол?

-Нутгийн өөрөө удирдах шинэ ардчилсан тогтолцооны өнгөрсөн 30 жилийн хугацаанд иргэдийнхээ эрхэм дээд шийдвэр, эрх чөлөөт сонголтоор .

Тэд иргэдээ төлөөлж, тэдний эрх ашгийг хамгаалж, аймаг, сумынхаа хөгжлийн бодлогыг тодорхойлоход цөөнхөө хүндэтгэж, олонхоороо шийдвэрлэн Сэлэнгэ нутгийнхаа хөгжил дэвшилд өөр өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн байгаа.

-Сэлэнгэ аймгийн ИТХ-ын гадаад харилцааны талаар та сонирхуулаач?

-Өнгөрсөн хугацаанд аймгийн ИТХ-ын гадаад харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжиж хил залгаа болон нутгийн удирдлагын арвин баялаг туршлагатай улс орнуудтай хоёр талын хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт гарын үсэг зурж, харилцан төлөөлөгч солилцож, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлж ирлээ.

Тухайлбал ОХУ-ын Буриад улс болон Буриад улсын Хиагт, Зэд, Сэлэнгийн аймгууд, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны, Эрээн, Хөх хотын Ардын Хурлуудтай байнгын харилцаа холбоотой ажиллахын зэрэгцээ БНСУ-ын Даньжин, Жинду, Жэжу хотууд, Швед улсын Остершунд мужуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, харилцан туршлага судлан төлөөлөгч солилцон ажиллаж байна.

Мөн ХБНГУ-ын Конрад Аденауэрын сан, Швед улсын хөгжийн агентлаг СИПУ интернейшнл, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, Мерси кор, Дэзэрэт ОУБ-уудтай нягт хамтран ажиллаж байгаа нь аймаг орон нутгийн хөгжил дэвшилд бодит үр дүнгээ өгсөн.

-Төлөөлөгчдийн тухайд хэрхэн ажиллаж ирэв. Тэдний амжилт ололт, туршлагын талаар?

-Орон нутагт явагдсан 8 удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-д нэг удаа сонгогдсон 266, хоёр удаа сонгогдсон 43, гурван удаа сонгогдсон 19, дөрвөн удаа сонгогдсон 5, таван удаа сонгогдсон 2 төлөөлөгч байдаг.  

Ард иргэдийнхээ итгэлийг удаа дараа хүлээж аймгийн ИТХ-д хамгийн олон удаа сонгогдсон төлөөлөгчдөөс дурдвал Ч.Жаргалсайхан Х.Даваахүү нар 5 удаа, Д.Бадарч, О.Буянтогтох, Г.Бямбаа, Б.Цээпилдорж, С.Энхтайван нар 4 удаа сонгогдсон байдаг. Мөн одоогийн аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ө.Чимэддорж, Ц.Нямдорж нар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 удаагийн сонгууль буюу сумын Хурлын төлөөлөгчөөр тасралтгүй сонгогдон ажиллаж байгаа бахархам түүхийг бүтээсэн байна.

Үүнээс гадна ажилсаг хөдөлмөрч Сэлэнгэ түмнийхээ сонголтоор аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан болон одоо сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгчдийн дундаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Сандагийн Ганболд тэргүүтэй Монгол Улсын гавьяат цолтон 15, Сүхбаатарын одонт 2, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт 45, Алтангадас одонт 29, Хөдөлмөрийн хүндэт медальт 26, Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” 17 төрөн гарсан байгаа нь бидний бахархал гэж хэлмээр байна.

-Танд баярлалаа.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.