Манай улс хорт хавдар, ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар Азид төдийгүй дэлхийд тэргүүлдэг харамсалтай статистик байна. Манай улсад 2022 онд 4548 хүн хорт хавдрын улмаас нас барсны 2635 нь эрэгтэй, 1913 нь эмэгтэй гэдгийг ЭМЯ-аас мэдээлэв.
Тэгвэл хавдрын системийн эмчилгээний сүүлийн үеийн шинэ технологи болох дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлэхээр боллоо. Эл эмчилгээг манай улсад нэвтрүүлэхээр ЭМЯ, Хавдар судлалын үндэсний төв, F.Hoffmann-La Roche компани харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
Тодруулбал Швейцарийн PACE буюу бүх эмийг нэг өвчтөнд нэг үнээр гэх хөтөлбөрт гурван жилийн хугацаанд хамрагдаж байна. Ингэснээр элэгний хавдартай өвчтөн зөвхөн нэг удаагийн тариаг буюу дархлаа эмчилгээг тунгаасаа хамаарч 8000-9392 ам.доллар буюу манайхаар 20-32 сая төгрөгөөр хийлгэдэг бол үүнийг манайд маш бага үнээр буюу 1000 орчим ам.доллараар нийлүүлэх юм.
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү “Дархлаа эмчилгээг иргэнд санхүүгийн дарамт учруулахгүй байдлаар нэвтрүүлж байгаад баяртай байна. Өндөр өртөгтэй эмчилгээ тул зах зээлийн үнээр эрүүл мэндийн даатгалд оруулах боломжгүй байлаа. Тиймээс тодорхой хугацаанд хэлцэл хийж, PACE хөтөлбөрт хамрагдахаар болсон.
Тодруулбал нэг хүн найман сая төгрөгөөр дархлаа эмчилгээнд хамрагдах боломжтойг тодорхойлсон. Одоогоор манай улсад хавдрын эсрэг бай эмчилгээнд таван сая төгрөгөөр хамрагддаг. Гэхдээ бай эмчилгээ дангаараа үр дүнд хүрдэггүй. Бай болон дархлаа эмчилгээтэй хавсран хийх зардал нь найман сая төгрөг болж байгаа юм.
Дархлаа эмчилгээний гол онцлог нь хүний биеийн дархлааг өөрийг нь идэвхжүүлж, хавдрыг эмээр биш хүний дархлааны эсээр устгадаг.
Өмнө хожуу оношлогдсон элэгний хавдарт эмчилгээ байгаагүй. Найдваргүй гэж нэрлэдэг. Нэг жил амьдрах боломжтойр байсан. Харин дархлаа эмчилгээг хийлгэсэн иргэдийн 30 орчим хувь нь таван жил амьдарч байгаагаас боломж байна гэж харагдаж байна. Тиймээс дархлаа эмчилгээг өргөжүүлэхээс гадна эсийн эмчилгээнүүдийг нэвтрүүлэх бодолтой байна” гэв.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад дэлхийн шилдэг компаниудын өндөр технологийн эм, эмчилгээг нэвтрүүлэх нь хамгийн үр дүнтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сайн туршлага байдаг. Санамж бичгийг байгуулснаар хорт хавдрын эмчилгээ, судалгаагаар дэлхийд тэргүүлэгч Швейцарийн Рош компани Монгол улсад элэгний хорт хавдрын эмчилгээнд дархлаа эмчилгээний хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ хамгийн элбэг тохиолддог 15 эрхтэний үсэрхийлсэн хорт хавдрын үед хэрэглэдэг бай болон дархлаа эмнүүдийг хамгийн бага, нэг үнээр буюу “Бүх эмийг нэг өвчтөнд нэг үнээр” нийлүүлэх PACE тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ” гэв.
Бай эмчилгээ болон дархлаа эмчилгээ нь системийн бусад эмчилгээтэй харьцуулахад гаж нөлөө багатай төдийгүй хувь хүн тус бүрт өвөрмөц байдгаараа онцлог аж.
2021 оноос бай эмчилгээний зарим эмүүдийг эрүүл мэндийн даатгалд 100 хувь хамруулснаар ходоод, хөх, өндгөвч, бүдүүн шулуун гэдэс, мэнгэний хорт хавдрын эмчилгээнд бай эмчилгээ нэвтэрч олон хүний амь насыг аварсаар байна. Хэдийгээр бай эмчилгээ манай улсын эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдсан боловч дархлаа эмчилгээ даатгалд хараахан хамрагдаагүй тул энэ хоёр эмчилгээг өвчтөнүүдэд хавсран хийх боломжгүй байна. Тиймээс дархлаа эмчилгээг бай эмчилгээний нэгэн адил эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулж, өвчтөнд дэлхийн дэвшилтэт эмчилгээг санхүүгийн дарамтгүй, тэгш хүртээмжтэй үзүүлэхийг зорьжээ.
Санамж бичигт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, “Roche” компанийн Турк, ОХУ, Иран, Төв Ази, Кавказ, зүүн Европ болон Энэтхэгийг хариуцсан бүсийн дарга Адриано Треве нар өнөөдөр /2023-12-05/ гарын үсэг зурж баталгаажуулав.
Элэгний хорт хавдраар 1714 хүн нас барсан нь нийт нас баралтын 37 хувийг дангаараа эзэлж байна. Элэгний хорт хавдар 2021 онд 1956 тохиолдол, 2022 онд 2289 тохиолдол байсны 70 гаруй хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр шатандаа оношлогдож, энэ нь аль ч хүйсэнд хамгийн өндөр буюу 100 000 эрэгтэйд 77.6 эмэгтэйчүүдэд 59.5 тохиолдол байна.
Швейцарийн Хоффман Ла Рош компани 2018 онд анх Монгол улсад шилдэг оригинал эмийн бүтээгдэхүүнээ танилцуулж, хорт хавдрын эмчилгээнд Бай эмчилгээг анхлан нэвтрүүлсэн бөгөөд улмаар 2019 онд Монгол улсын ЭМЯ, ХСҮТ-тэй хөхний болон бусад хавдрын эмчилгээнд бай эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх Харилцан ойлголцлын санамж бичиг зурж байсан ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хавдрын дархлааны эмчилгээг яаралтай ЭМД д хамруулах нь олон олон монголчуудыг хавдар өвчнөөс АВРАХ гарц байна шүү Яаралтай ЭМД д хамруулна ууард
1000долларын тариа 8 сая болчихдог. Агуу маркетингтай юм аа. Ковид нэг хүнд111.0 сая төгрөг болсон гэж ичих ч үгүй зарлаад идээд бн .Одоо больчихооч , хүний Эрүүл мэндээр бизнес хийдгээ Төр өөрөө больчих.
30 han hubi ni 5 jil hurtel amidarna busad 70 hubi ni yaahuu Ugaasaa 2 iin hoorond yum baina