Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Т.Нэргүй болон иргэн Ш.Нарантуул, Д.Занданмядаг нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус хэлтсийн дарга асан нь гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, өөр хүний нэрээр гадаад паспорт гаргаж өгсөн хэрэгт холбогдсон аж.
Тодруулбал, Д.Занданмядагт Ц.Оюунбилэг гэх хүний мэдээллийг ашиглан, гадаад паспорт гаргаж өгөхийн тулд 2022 оны тавдугаар сард Ш.Нарантуулаар дамжуулан хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан юм. НПГ-аас дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 22.4-4-ийн бүлэглэн хахууль авсан, 22.5-1-ийн нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлжээ. Уг хэргийг шүүх хэлэлцээд Т.Нэргүйг хахууль авсан, Ш.Нарантуулыг зуучилсан, Д.Занданмядагийг өгсөн гэм буруутайд тооцсон байна. Улмаар Т.Нэргүйгийн нийтийн албан тушаалд ажиллах эрхийг гурван жил хасаж, нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Ш.Нарантуул, Д.Занданмядаг нарын төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хязгаарлаж, 2.7 сая төгрөгөөр торгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.