Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр (2023.11.29) Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай
Хуулийн төсөл батлагдсанаар Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан, Булган-Мөрөн чиглэлийн нийт 361 км улсын чанартай автозамын ээлжит болон их засварын ажил, мөн Хэнтий аймгийн Хэрлэн гол, Өвөрхангай аймгийн Орхон орхон гол, Архангай аймгийн Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Төв аймгийн Лүн, Түргэний төмөр бетон гүүрийн засварын ажлыг хийхээр төлөвлөсөн гэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай
Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүнээр 1968 онд элссэн бөгөөд тус байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны Олон улсын конвенцод 2014 онд нэгдэн орсон. Мөн энэхүү конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 онд Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан.
Швейцарь Улсын Женев хотноо 2016, 2018 онд зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Бага хурлаар тус конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр болон 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдээс эхлэн тус тус хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн.
Монгол Улс энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөөр хөлөг онгоц дээр ялгаварлан гадуурхалт гарсан тохиолдолд шалтгаан, нөхцөлийг тогтоох, таслан зогсоох, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох шаардлагыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоц эзэмшигчид тавих эрх зүйн орчин бүрдэх юм.
Хуулийн төсөл нь нэг зүйлтэй бөгөөд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц дээр ажиллаж буй далайчны хөдөлмөрлөх эрхийг хангах, далбааны эзэн улсаас тавих хяналтыг сайжруулснаар хөлөг онгоц эзэмшигчийн зүгээс далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой аж гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хүн зодсон гэсэн яасан бэ.