СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2023-11-30

“Эх орны манаа”, “Сүлдэт багана”-тай мөрдэстэй сэтгүүлчид

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Эх орныхоо аюулгүй байдлын төлөө үнэнчээр зүтгэдэг бахархам үйлстнүүд бол хилчид. “Зууны мэдээ” сонин “Монгол Улсын төлөө” буландаа Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албыг онцоллоо.

Эх орны манаа ухрах эрхгүй тушаалтай

Хил хамгаалах байгууллагын хэвлэл ямар зарчмаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэдэг болохыг сонирхож Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны сэтгүүлчдийг зорьсон минь энэ. Өдрийн үд дундад очих үед тэд завгүй ажилдаа шамдаж сууна. Энэ албаныхан  ихэнх нь залуус учраас гар нийлж, шинийг санаачилж ажилладаг биз ээ. Эдгээр хүмүүсийг удирдаж буй даргыг Г.Чинзориг гэнэ. Дэд хурандаа цолтой. Тэрбээр хилийн цэргийн байгууллагад 24 жил ажиллаж байна. Мөн дууны хэд хэдэн уран бүтээл туурвисан авьяаслаг нэгэн ажээ. Тухайлбал,

“Хянах цамхаг хилийн застав харуул

Хоногийн тушаал хилийн манаа алхаад марш”

хэмээн бичсэн түүний шүлэг “Дархан хил минь баяртай” дуу болж,  хилийн зурваст үүргээ гүйцэтгэж яваа алба хаагчдын сонсох дуртай бүтээл болоод уджээ. Дэд хурандаа Г.Чинзориг хилчидтэй ойр ажиллаж, энэ албаны ажил үүргийг хамгийн их мэдэрч, ойлгодог болохоор түүний бүтээл үнэ цэнтэй, үнэнийг өгүүлдэг.

Монгол Улсын өнөөгийн тусгаар тогтнолд хилчдийн үүрэг гавьяа их. Олон аавын хөвгүүдийн эр зориг халуун амиар ирсэн энэ эрх чөлөөний түүхийг  бид мартах ёсгүй. 

Хил хамгаалах байгууллага үүссэн цагаас хойш үе үеийн хилчид гурван дайнд оролцсон байдаг. Эх орондоо тангараг өргөж, дархан хилийн аюулгүй байдлыг эр цээжээрээ хамгаалж, залуу нас, хийж бүтээх оргил үеэ тэд эх орондоо зориулдаг байна.

Дэд хурандаа Г.Чинзориг “Хил хамгаалах газрын ажилтны туйлын зорилго дархан хилээ хамгаалах. Хилийн цэргийн байгууллагын ажил нь хүндлэл, уламжлал, үнэт зүйлээ хамгаалж, эх орноо хайрлах үзлийг суулгадаг. Өөрөөр хэлбэл энэ албанд  ажиллаж буй хүмүүсийн сэтгэхүйд ажил үүргээ үл орхих төлөвшил тогтдог гэхэд хилсдэхгүй. Энэ нь ажилтан бүрийн үнэт зүйл” гэж онцолсон юм.

Энэ үеэр тус албаны ахмад Г.Нямгэрэл “ Ажил мэргэжлээрээ үргэлж бахархдаг. Мөн үүргээ гүйцэтгэх явцдаа хилчиддээ их хайртай болдог юм байна. Тухайлбал, 20 жил үүрэг гүйцэтгэж байгаа харуулын даргын ажлыг хүмүүст хүргэхдээ сайн материал бэлтгэхийг хичээнэ. Гэхдээ хэтрүүлэгтэй болгохгүйг чухалчилна.

Бидний ажлын зорилго хилчдийн үйлсийг нийгэмд дамжуулахдаа энгийн үг хэллэг, найруулгаар бичдэгээрээ онцлогтой. Бэлтгэж буй бичлэг нэвтрүүлгээ ч энэ зарчмын дагуу хийдэг. 

Цэргийн үг хэллэгтэй, албаны материалыг иргэд ойлгохгүй. Тиймээс хилийн амьдрал, ажил үүргийг энгийнээр хүргэх их чухал. 

Тиймээс манай алба олон нийтийг хилчидтэй холбодог гүүр гэж хэлж болно. Хил хамгаалах байгууллагад ажиллахын давуу тал  олон бий. Нийгмийн нөлөөлөл, хангамж, гээд тоочоод байвал дуусахгүй. Гэхдээ үүнийг дагаад хариуцлага ирнэ.

Бид хэдийгээр цэргийн дүрэмд захирагддаг ч олон нийттэй харилцах алба учраас чөлөөтэй сэтгэх эрхтэй. Манай дарга нар бидэнд сэтгүүлч гэдэг байр сууриа хэзээ ч битгий алдаарай гэж захидаг. Миний хувьд хамгийн сүүлд Хилийн цэргийн 0184 дүгээр ангид томилолтоор ажиллаад ирлээ. Хилийн манаанд ажиллаж байгаа алба хаагчид зурагт, сайтаас мэдээлэл авах нь бага. Тиймээс өдөр тутмын сонин, салбарын хэвлэлээс ихэнхдээ мэдээлэл авдаг” гэсэн юм.

“Эх орны манаа” сонин 83 жилийн түүхтэй

Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба байгууллагынхаа шилдгээр хоёр удаа шалгарчээ.

Мөн 83 жилийн түүхтэй “Эх орны манаа” сонинг эрхлэн гаргаж буй. Энэхүү сонин нь 10 хоног тутам хэвлэгдэж, уншигчдад хүрэхдээ 3093 дугаар гаргасан бахархам түүхийг бүтээжээ. Мөн цаг үеийн , яаралтай мэдээллээ цахимаар дамжуулдаг.

Энэ тухайгаа Олон нийттэй харилцах албаны дарга Г.Чинзориг “Энэ цаг үед манай байгууллагад олон нийттэй харилцах алба байгаа нь хамгийн зөв. Бид залуу үедээ мэдээ мэдээлэл хүргэх ёстой. Манай алба өдгөө үндсэн гурван хэсэгт хуваагдан  ажиллаж байна. Ил тод нээлттэй байх хуулийн дагуу нийгмийн сүлжээгээр дамжуулж нийтийн мэдэх эрхийг хангах. Мөн “Эх орны манаа” сонины редакц ажиллаж байна. Үүнээс гадна хил, хилчдийн тухай бэлтгэдэг “Сүлдэт баганын дэргэдээс” нэвтрүүлгийн студи бий. Бидний хувьд улсынхаа хилийг хамгаалж буй алба хаагчдын ажил үүргийг таниулж, үйлсийг нь мөнхлөх зорилготой" гэж байв.

Мөн өнгөрсөн хугацаанд зөвхөн өөрсдөө бус МҮОНТ болон бусад хэвлэл мэдээллийн байууллагуудтай  хамтарсан нэвтрүүлэг, кино, ном гээд олон контент бэлтгэж нийтэд хүргэсэн ажээ.

Тус албаныхан ажиллаж байх цаг хугацаандаа Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа хилчдийнхээ бахархам үйлсийн түүхийг бичиж, нийгэмд үүссэн ташаа ойлголт, иргэдийн мэдэхийг хүссэн бүхнийг тодруулж үнэн зөв мэдээллийг өгдөг гэдгээ онцолж байсан юм.

Тус албаныхны бэлтгэсэн мэдээ материал нэвтрүүлгээс үзэгч, уншигчид эх орноо хайрлах, тусгаар тогтнол гэдгийг ойлгож, хилчдээрээ бахархдаг.

“Эх орны манаа” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга,  дэслэгч С.Отгонцэцэг “Байлдааны гавьяаны одонтой “Эх орны манаа” сонин Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа, хилчдийн алба, удирдлагуудын бодлого шийдвэрийг дамжуулах үүрэгтэй. Бидний бэлтгэсэн мэдээ, сурвалжилга эх орны дөрвөн зүг найман зохист байгаа алба хаагчдад хүрдэг.

Тиймээс ахмад хилчдийн дурсамж яриа болоод хийсэн гавьяаг нь сониндоо мөнхлөхийг хүсдэг. Тухайлбал, байлдагчийн буландаа тэдний бичсэн захидлыг нийтлэх жишээтэй.

Манай "Энхийн манаа" сонин 10 гаруй үндсэн булантай. Найман нүүрээр хэвлэгдэж гардаг. Түүнээс “Чөлөөт индэр” булангаараа алба хаагчдын санал сэтгэгдлийг удирдлагуудад хүргэж ажилладаг. Мөн асуудал хөндсөн нийтлэл ч бичнэ. Өдөр тутмын хэвлэлтэй ижил сэтгүүл зүйн бүх төрлийн  бичлэгээр нийтлэлээ бэлдэж байна.

Үүнээс гадна хилийн ангид ажиллаж буй ямар ч албан хаагч манай сонинд бичвэр нийтлүүлэх боломжтой. Хэвлэл мэдээллийн байгууллагууд олон сэдвээр мэдээ мэдээлэл хүргэдэг бол бид мөрдэс зүүгээд, тангараг өргөсөн, хилчдийнхээ тухай онцолдгоороо ялгаатай.

Мөн Монгол Улсын хамгийн хол орших хилийн зурваст ч очиж, хилчидтэйгээ нүүр тулж уулздаг нь сайхан” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Олон нийтийн харилцах албыг анх хурандаа Д.Баасанжаргал байгуулж байжээ.

Тэрбээр хамт ажиллаж байсан сэтгүүлчдэдээ “Сэтгүүлчийг хөл нь тэжээдэг. Явж байж л мэдээ олно” гэж хэлдэг байсан аж. Одоо ч тус хамт олон энэ зарчмаар ажиллаж байгаа тухай  ярьж байсан  юм.

Хилчдийн алба цаг наргүй. Гавьяа байгуулсан хилчдийн эдэлж, хэрэглэж байсан зүйлс ихэвчлэн музей, архивт үлддэг бол түүний алдар нэр, мэдээ мэдээллийг нийтэд түгээж, алдаршуулах ажлыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд ажиллаж буй мөрдэстэй сэтгүүлчид хийдэг ажээ.

Тиймээс Хил хамгаалах газрын хэвлэл эерэг, хэрэгтэй мэдээллийг олон нийтэд дамжуулдаг гэдгээрээ үргэлж бахархдаг хэмээн дэд хурандаа Г.Чинзориг хэлж байсан юм.

Хил хамгаалах байгууллагын Олон нийттэй харилцах албаныхны иргэдийн соён гэгээрүүлэх, мэдээ мэдээллээ түгээх үйлс үргэлжилсээр. Иргэн бүр эх орныхоо үнэ цэнийг мэддэг, тусгаар тогтнолоо хайрладаг болсон үед манай албаны зорилго биелэнэ хэмээн тэд учирлаж байв. Дэд хурандаа Г.Чинзоригийн “Нар угтан инээгээрэй хүү минь. Нандин зүрхэндээ Монголоо хайрлаарай хүү минь ...” гэсэн үгтэй  “Монголоо хайрлаарай” дууны шүлгээр энэ удаагийн бичвэрээ төгсгөе.

Баатарын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин.

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7224)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.