Амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчлөгсдийн 60 гаруй хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Бага насны хүүхдүүдийн томуу хүндрэх эрсдэл өндөр байна гэж ХӨСҮТ-өөс мэдээлэв.
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга, доктор А.Бурмаа:
- Амбулаториор үйлчлүүлж байгаа нийт иргэдийн 5.5 хувийг томуу томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Нийслэл Улаанбаатар хотын тухайд 5.8 хувьтай байна. Энэ нь өмнө долоо хоногоос нэмэгдсэн үзүүлэлт юм. 10 мянган хүн тутмын 36 хүн нь тус өвчнөөр өвчлөөд байгаа гэх статистик мэдээлэл байна. Улсын хэмжээнд томуу томуу төст өвчний шалтгаантай түргэн тусламжийн дуудлага нийслэл хотод 40 гаруй хувьтай байна. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай, хүндрэлтэй иргэд 23 хувийг эзэлж байна. Харин насны хувьд 15 хүртэлх насны хүүхэд нийт өвчлөгсдийн 84 гаруй хувийг эзэлж байна. Үүнээс 4 хүртэлх бага насны хүүхэд 60 орчим хувийг эзэлж байна.
Бага насны хүүхдүүдийн томуу хүндрэх эрсдэл өндөр байна. Дэгдэлтийн тархалтын түвшинг хүндрэлийн үнэлгээрээ үнэлж үзсэн. Томуугийн халдвар нэмэгдэх хандлагатай байна. Вирус судлалын лабораторийн тандалтыг байнга хийдэг. Үүнээс үзэхэд SARS болон Covid халдвар илэрч байна. Түүнчлэн бага насны хүүхдэд амархан хүндэрдэг хамрын ханиад ихээр тусаж байна. Дархлаа сул хүүхдүүд тусах өндөр эрсдэлтэй байна.
Томуу томуу төст өвчин нэмэгдэж байгаа энэ үед вакцинжуулалт нэн чухал үүрэгтэй. Нийт 300 мянган хүн тун вакцин татан авсан. Вакцинжуулалтын хувь улсын хэмжээнд 87 хувьтай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.