Арав гаруй жил үргэлжилсэн нүүрсний хулгай өнгөрсөн жилийн өдийд л төрийн ч, иргэдийн ч анхааралд орж ирсэн. Маш их хэмжээний мөнгөний “сан”-тай далд эдийн засаг байжээ. Нүүрсний хулгайн ганц нэгхэн “салбар” зогсоход л мэдрэгдэж байх жишээтэй. Тэндээс “...2023 оны төсөвт хоёр их наяд нэмэгдсэн” гэхээр зах зухаасаа ойлгогдож байгаа юм. АТГ-аас нүүрсний хулгайн хэргийг таван үндсэн чиглэлээр шалгаж байгаагаа жилийн өмнө мэдээлж байв. Тэдгээрт нь “...Бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон гэх асуудал”, “...Нүүрстэй холбоотой гэрээний асуудлууд”, “...Уртын болон богинын тээвэр, тээвэрлэгч компаниудын ард улс төрд нөлөө бүхий этгээдүүд байдаг гэх асуудал”, “...С зөвшөөрөл”, “...Төслийн санхүүжилт холбоотой асуудлууд” багтсан байгаа юм.
Улмаар АТГ-аас өнгөрсөн долоо хоногт “...Нүүрсний хулгайтай холбоотой гэх хэргийн 85 хувийг шүүхэд шилжүүлсэн” гэж мэдэгдэв. Тэгвэл энэ том хулгайтай холбоотойгоор УИХ-аас хяналтын сонсгол явуулах гээд бас л бараг бүтэн жил үзэж байна. Сая л нэг сураг нь дуулдав. Ирэх долоо хоногт товлогджээ. Гэхдээ энэ хулгайн “гол дүрүүд” эзгүй байх шинжтэй болоод явчихав. Ер нь бол эрх баригчид нүүрсний хулгайн сонсголыг маш зохион байгуулах шаардлагатай. Нийгмийн хүлээлт, шахалт давхар үүсчихсэн. Хэрвээ сонсголыг сулхан хийвэл сонгуульд нь ч нөлөөлөх аюултай юм.
2022 оны арванхоёрдугаар сард Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болсон. Тэр үеэр АТГ-аас “...Нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар холбоотой байж болзошгүй” гэх 17 хүний нэрийг зарласан.
Тэгэхдээ Х.Баттулга, З.Энхболд, Ө.Шижир, Д.Ганбат, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Р.Сэддорж, Б.Эрдэнэ-Очир, Д.Ариунболд, Б.Ганхуяг, Х.Мандахбаяр, Б.Бадраа нарыг нэрлэж байв.
Тэдний олонх нь “...Би нүүрсний хулгайд хамаагүй” гэж мэдэгдсэн. Ялангуяа энэ жагсаалтад багтсан УИХ-ын таван гишүүн дараахан нь хуралдсан чуулган дээр үгээ хэлцгээж байв. Тэгэхэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “...Жинхэнэ хулгайч нар нь цаана нь үлдчихлээ энэ хэдэн жараахайгаар тоглож байна. Тэр тулууд нь цаана нь хэвтэж байна гээд энэ гадаа жагсаж байгаа улсууд чинь бүгд хэлж байна шүү дээ”, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “...Жинхэнэ хулгайч нараа зарлахыг би шаардаж байна. Энэ “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдтэй хамаарал бүхий УИХ-ын гишүүдийг нэг бүрчлэн зарлаж шалгахыг шаардаж байна. Оффтейк гэрээг байгуулсан ҮАБЗ-ийн энэ ажлын протоколыг нь ил болгохыг шаардаж байна. Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт байгаа “Меланж” нэртэй нүүрсний уурхайн бүх үйл ажиллагааг ил тод шалгахыг шаардаж байна” гэж байв.
Өөрөөр хэлбэл “...Би нүүрсний хулгайч, уучлаарай” гэсэн нэг ч хүн гараагүй юм. Тэгэхээр тэд энэ хулгайтай холбоотой эсэхийг хууль хяналтын байгууллагаас нүүрсний сонсгол дээр албан ёсоор тайлбарлах шаардлагатай юм.
Нүүрсний хулгайн томоохон “салбар”-ын нэг нь яахын аргагүй бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон гэх асуудал юм.
Жижиг “Тавантолгой” ХК-ийнхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хилийн бүсээс мөргөцөг хулгайлчихсан. Энэ асуудал хохиролгүй болсон. Засгийн газраас БЭТ томилж, “Тавантолгой” ХК-ийн данснаас 48 тэрбумыг авч төрд шилжүүлснээр хохирол барагдсан гэж үзсэн. Гэхдээ энэ компанитай холбоотой албан тушаалтнууд нь хариуцлага хүлээхээр яригдаж байна. Зарим нь өнгөрсөн хавар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн. Харин тухайн үед төрийг төлөөлж ажиллаж байсан хил, гаалийн дарга нар шалгуулж байгаа эсэх нь бүрхэг. Зарим нь дэвшээд “Ерөнхий газар”-таа улам том дарга болоод явж л байна.
Жилийн өмнө УИХ дээр “...Нүүрс бүртгэлгүй гараад байдаг юм бол тэнд нь хяналт тавиагүй Хилийн цэргийн, Хилийн тагнуулын газрын даргатай хариуцлага тооц л доо. Нүүрсний машиныг бүртгэлгүй гаргаж байгаа тэр хилийн цэргийн даргадаа хариуцлага тооц л доо. Бүрдүүлэлт хуурамчаар хийхэд тэрэнд хяналт тавиагүй гаалийн даргадаа хариуцлага тооц” гэсэн шаардлагыг хүртэл сөрөг хүчний зүгээс тавьж байв.
Түүнээс гадна энэ нь зөвхөн мөргөцгийн хулгайгаар зогсохгүй. Цаг хугацааны хувьд хоёр жилийн өмнө ч ийм үйл ажиллагаа явагдаж, олон мянган тонн нүүрс ийм байдлаар хил давуулсан тухай эх сурвалжууд мэдээлсэн.
Нүүрсний сонсголын ажлын хэсгийн дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нүүрс тээврийн ар дахь улстөрчидтэй холбоотой нэлээд тодорхой мэдээллүүдийг өгч эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, тэрбээр нүүрсний сонсголын талаар ярих бүртээ нүүрс тээврийг хөндөж байна. Гол нь энэ жагсаалтад УИХ-ын нэлээд гишүүн бичигдэхээр болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тэр ч байтугай “...Нүүрсний машинтайг нь гэхээсээ машингүйг нь тоолбол арай амар” гэж байх юм. Нүүрс тээврийн ар дахь улстөрчдийн жагсаалтыг дэлгэвэл нүүрсний сонсгол “гал”-тай болохоор байгаа аж. Яагаад гэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрс тээвэрлэдэг 398 компани байдаг.
Эдгээрийн дийлэнх нь маш олон улстөрчтэй холбогддог байна. Мөрдөх байгууллага бүтэн жил ажиллаж байж эдгээр компанийн ар дахь улстөрчдийг олж тогтоожээ. Манай хашрууд нүүрс тээврийн компаниа 2-3 дамжуулж, маш сайн далдалсан бололтой юм. Тэдний тээврийн компаниуд дандаа хүний нэр дээр “нуусан” байжээ.
Тодруулбал, мөрдөх байгууллагууд 2-3 дамжсан хамаарлуудыг нь тогтоосон байна. Ер нь бол тээвэр бол нүүрсний хулгайн хамгийн гол “салбар” гэж болно. Түүгээр дамжиж далд эдийн засгийн судал явагддаг. Түүнчлэн “...Ингэж нүүрсний тээврийн ар дахь эзэмшигчид, нууц хамаарлынх нь жагсаалтыг гарсан нь УИХ дээр Авлигын шүүхийн хуулийг гацаах бас нэг шалтгаан болсон” гэгдэж байгаа юм.
Нүүрстэй холбоотой гэрээний асуудлууд шалгагдаж байгаа аж.
Гэхдээ оффтейк гэрээний тухайд гацаанд орсон байх магадлалтай. Уг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-нд Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанитай хийсэн оффтейк есөн гэрээг нууцын зэрэглэлээс гаргасан. Энэхүү гэрээг 2017-2019 онд байгуулсан. Ингэхдээ тухайн үеийн ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу нууцад хамруулсан байдаг.
Тэгвэл эдгээр гэрээний хамгийн гол хүн нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал юм. Тэр одоогоор эзгүй байгаа юм. Хил давж яваад жил гаруй болсон. Хэд хэдэн улсад сураг нь гарсан. Гэхдээ хууль хяналтынхан яагаад ч юм, авчирч чадаагүй л байна.
Тэгэхээр Н.Удаанжаргал байхгүй учраас оффтейк гэрээг “сонсох” боломжгүй гэсэн үг. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бусад худалдан авалт, гэрээнүүдтэй холбоотой асуудал олон бий.
С зөвшөөрлийн талаар олон зүйл ярих шаардлагагүй биз ээ. Нүүрсний хулгайн бас нэг “салбар” болох нь аль ч талаасаа тов тодорхой юм. Энэ хэрэгт голдуу АТҮТ-ийн газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд буруутдаг. Шүүхээр нэлээд олон хүн шийтгүүлсэн. С зөвшөөрлийг цэгцлэх гэж Зам тээврийн сайд болгон үздэг. Чаддаггүй. Хууль хяналтын байгууллагынхан ч оролддог. Бардаггүй.
Энэ талаар өнгөрсөн жил арванхоёрдугаар сарын 15-ны чуулган дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “...Хамгийн үл бүтэх нэг хулгайч байгаа. Тэр бол АТҮТ-ийн дарга. 2016 онд С зөвшөөрлийг хилээр гардаг машин болгон зүв зүгээр авдаг, зүгээр цагаан цаас байсан юм. Үүнийг авлигын схем болгож, улиралд жолооч болгон хоёр сая төгрөгийн авлигал төлдөг болгосон. Энэ схемийг бий болгосон АТҮТ-ийн даргадаа яагаад хариуцлага тооцож шоронд хийхгүй байгаа юм бэ. Өөрсдийнхөө гар хөлд бүгдэд нь хариуцлага тооцохгүй байж олон нийтийн хяналтад байдаг орон нутгийн өмч дээр БНМАУ-ын хуулиар БЭТ томилоод явж байна. Үүнийхээ оронд өөрсдийнхөө гар хөлд хариуцлага тооц гэж МАН-ын эрх баригчдаас, Засгийн газраас, энэ парламентаас шаардаж байна” гэж байсан юм.
Нүүрсний хулгайг мөрдөн шалгах ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлж буй төслүүдийг бас шалгана.
Өнгөрсөн зун зургадугаар сард ЗГХЭГ-ын даргыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхай дээр ажиллах үеэр “...Тус компанийн санхүүжүүлэн хэрэгжүүлж буй найман төсөл байна” гэж мэдээлж байв. Түүнд нь Бортээгийн хуурай баяжуулах, нүүрс баяжуулах, нүүрс ачих логистикийн төв, Тавантолгой-Зүүнбаян төмөр зам, Загийн усны хоолойн төсөл, Тавантолгойн цахилгаан станц зэрэг төсөл зэрэг багтаж буй аж.
Мөн 2020 оны сүүлчээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал Б.Ганхуяг “...2025 он хүртэл бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд: Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Нүүрс ачилтын нэгдсэн төв, Ханги мандал, Гашуунсухайт чиглэлийн авто зам, Тавантолгой цахилгаан станц, Нүүрс химийн үйлдвэр, гангийн үйлдвэр, Коксын үйлдвэр зэрэг төслүүд багтаж байгаа юм.
Мөн ажилчдын нийгмийн хамгааллын бодлогыг сайжруулж, 51000 хүн оршин суух бололцоо бүхий Эрдэнэсийн хот байгуулах ажлыг эхлүүлнэ” гэж байв. Нэг үгээр хэлбэл, мөрдөх байгууллагууд “...Тавантолгойгоос санхүүждэг төслүүдийг шалгасан уу. Эдгээр нь бас л хулгайн “уурхай” болсон уу, үгүй юу” гэдэг нь нүүрсний сонсголоор яригдах ёстой болоод байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 237 (7222)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.